Телевиз, радиогоор гадаадын олон ангит кино, нэвтрүүлэг маш ихээр гарч байна. Үүнээс болж хүүхэд залуус гадны соёлд хэт автах, Монгол өв уламжлал, ёс заншлаасаа хөндийрөх хандлага байна гэж иргэд шүүмжилдэг. Энэ асуудлыг зохицуулахаар Соёлын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт энэ сараас хэрэгжиж эхэллээ.
Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн нийт эфирийн цагт үндэсний уран бүтээлчдийн бүтээлийн эзлэх хувийг тооцон 2015 оны 10 дугаар сард гаргасан судалгааны дүнгээс харвал ихэнх телевизүүд эфирийнхээ 60-аас дээш хувьд үндэсний кино нийтлэл нэвтрүүлэг гаргадаг гэсэн дүн гарсан байна. Тухайлбал, энэ үзүүлэлтээр VTV хамгийн их буюу 97.8 хувьтай гарсан бол МҮОНТ 77.2, МН25 телевиз 60.2, UBS телевиз 82 хувь, Боловсрол суваг телевиз 40.8 хувьтай гарчээ. Гэхдээ энэ удаагийн хуулийн зохицуулалтаар нийт эфирийн биш, зөвхөн уран сайхны нийтлэл нэвтрүүлгийн Монгол контентийн эзлэх хувийг тусгайлан зааж өгсөн байна.
Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, Хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна гэж тусгайлан зааж өгчээ. Харин бусад арилжааны сувгуудад энэ хувь хэмжээг тус бүрт нь 10 хувиар доогуур тогтоосон байна. МҮОНТ-ийн хувьд дээрх ангилалд багтсан нийтлэл нэвтрүүлгүүдээ бараг 100 хувь өөрсдөө бэлтгэдэг. Харин бусад телевизүүдийн уран сайхны нийтлэл нэвтрүүлгийн цагт үндэсний контентийн эзлэх хувийг тооцох судалгааг хийж буй юм байна.
Мөн Кино театр, үзвэрийн цэгээр сар тутам түгээх кино, Ай-Пи Тв телевизийн видео санд байршсан нийт хөтөлбөрт үндэсний кино, нэвтрүүлгийн цагийн эзлэх хувийг 40-өөс доошгүй байна гэж шинээр орсон нэмэлт өөрчлөлтөд тусгажээ.
| Уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн 50-иас багагүй хувь нь үндэсний агуулгатай байна | ||
| Үзсэн: 868 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.