Намрын сарын нэгэн долоо хоногийн сайн, саар үйл явдлууд хосолсон өдрүүд өндөрлөж байна. Нийгмийн салбар бүр шинэ содон бүтээлч үйл явдлаар дүүрэн байлаа. Энэхүү 7 хоногт нийгмийн салбар бүр шинэ содон бүтээлч үйл явдлаар дүүрэн байлаа. Долоо хоногийн онцлох үйл явдлаар Даваа гарагт төрийн ордонд буун дуу гаргасан явдлыг нэрлэмээр байна. УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж эхлэхтэй зэрэгцэн байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл төрийн ордны гадаа жагсаал хийх болж.
Гол зорилго нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль буюу урт нэртэй хуулийн төсөлд өөрчлөлт оруулах гэж буйг эсэргүүцэн УИХ болон Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлэхээр ирсэн гэдэг.
Харин төрийн тусгай хамгаалалтын албаныхан тэднийг саатуулах үед “Онги гол” хөдөлгөөнөөр олонд танигдсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр буун дуу гаргажээ. Ингэж л тэднийг буу шийдэм агсаж төрийн ордонд ирснийг мэдсэн. Одоо Ц.Мөнхбаяр тэргүүтэй дөрвөн хүнд эрүүгийн хуулийн 177, 91 гэсэн зүйл ангиудаар хэрэг үүсгэн шалгаж байна. Тэднээс эскиз маркийн буу нэг ширхэг, сайга маркийн буу нэг ширхэг, 7.62 мм-ийн бууны сум 46 ширхэг, F1RGD маркийн гар гранат есөн ширхэгийг хураан авчээ.
Мөн энэ үеэр Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон “Централ тауэр”-т тэсрэх бөмбөг тавьсан хэмээх дуудлага цагдаагийнханд ирж, дуудлагын мөрөөр цагдаа, онцгой, тагнуулынхан ажиллан газар дээр нь арга хэмжээ авч иргэдийг амар тайван байж болно гэж мэдэгдсэн. Улс төрийн хүрээнд онцлох бусад үйл явдал ээлжит бус чуулган үргэлжилж төлөвлөсөн олон хуулийн төслийг хэлэлцэж ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Мөн энэ 7 хоногт Францын гадаад хэргийн сайд Лоран Фабиус манай оронд айлчилсан. 7 хоногийн эхээр орон сууцны халаалт ирсэн нь нийслэлийн оршин суугчдад таатай явдал байлаа. Засгийн газар, Монгол банкны хамтарч хэрэгжүүлж буй найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг тойрсон олон асуудлын нэг хурцаар өрнөв. Учир нь Хас банк зээлийн урьдчилгаа төлбөрийг 50 хувь болгосон нь иргэдэд бухимдал бий болгов. Харин таатай нэг мэдээ нь намаржингаа чангарсан долларын ханш суларсан үзэгдэл юм.
Цаг үеийн асуудлаас онцолбол Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны сайд Х.Баттулга ургац хураалтын байдалтай танилцаж ажлаа эрчимжүүлэхийг холбогдох ажилтнуудад үүрэг болгосон бол Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг мөн үүрэг болгов. Цаашилбал ЦЕГ-аас иргэдэд мэдэгдэл гаргаж цахим орчноор гадаадын иргэдтэй хамаагүй харилцаж, танилцаж болохгүйг анхаарууллаа.
Мэдэгдлийн агуулга нь хуурамч Фэйсбүүк хаяг ашиглан манай улсын иргэдтэй харилцаа холбоо тогтоох, харилцан мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулж мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.
Тиймээс Филиппин, Сингапур, Малайз зэрэг Азийн улс орнуудын харьяалалтай үл таних фэйсбүүк хэрэглэгчидтэй харьцаа тогтоохгүй байх, тэдэнтэй видео чат, зурган файл солилцохгүй байхыг уриалсан юм. Урлаг соёлын хүрээнд алдагдаад эргэж ирсэн алдарт Т.Батаар нутгаа сольж Дарханд өвөлжих болов. Т-Батаарын төв талбай дахь түр музей гурван сарын хугацаанд 120 сая төгрөгийн орлоготой ажилласныг онцлов.
Мөн Солонгосын дөрвөн хамтлагаас бүрдэх “Т-ара бa К-поп одод” Монгол улсад тоглохоор хүрэлцэн ирлээ. Баянхошууны Зүүнсалааны Одонтын 23 дугаар гудамжнаас Хүннүгийн үеийн булш олдсон бөгөөд одоо малтлагын ажил явагдаж байна. Хамгийн сүүлд тэмдэглэхэд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч 33 настай Э гэгч хийн буу ашиглан дэлгүүр дээрэмдэхийг завдсан харамсалтай хэрэг гарлаа. Харамсахын учир гэвэл ард иргэдээ аюулгүй тайван байлгах үүрэгтэй итгэл хүлээж тангараг өргөсөн цагдаагийн ажилтан ийм алхам хийжээ. Сүүлийн гурван 7 хоног дараалан эмч, багш, цагдаа хариуцлагагүй үйлдэл гаргасан нь хаана хаанаа анхаарах асуудлын нэг болоод байна.
MNB.MN өнгөрсөн 7 хоногийн үйл явдлаас онцолж байна | ||
Үзсэн: 2079 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.