Шууд Chart

Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам хоёрдугаар сараас хэрэгжинэ

2016-01-06 17:09:31

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам ирэх хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, дүрэм зөрчсөн тохиолдолд 10 онооноос хасах байдлаар журам үйлчилнэ. Хэрэв оноо дуусвал жолоо барих эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай 80 гаруй зөрчил байдаг. Нийгэмд учирч болзошгүй хор уршгийн хэмжээнээс шалтгаалан дээрх зөрчлийн 17-г нь зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журамд оруулжээ. Тухайлбал: 
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочоос 1 оноо
- Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочоос 2 оноо
-Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочоос 2 оноо 
-Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочоос 3 оноо
-Замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолоочоос нэг оноо зэргээр зөрчлийн оноог хасах юм байна.

Зөрчлийн бүртгэлийн 10 оноог мөн сэргээн авах боломжтой. Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээх, зөрчил гаргаагүй 2 жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээх зэрэг урамшуулах ч байх юм байна.

Жолооч нарын зөрчлийг хэрхэн тооцох тухай тусгай программ боловсруулах ажил ирэх хоёрдугаар сард дуусна гэж төлөвлөсөн. Шинэ программын тусламжтайгаар зөрчлийн оноо, торгуулийн хэмжээ, жагсаалтын тухай мэдээллийг жолооч нар гар утсаар юм уу эсвэл цахим хаягаар авч байх зохицуулалт хийх юм.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жолоочийн зөрчлийн оноо тооцох журам хоёрдугаар сараас хэрэгжинэ  
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй