![](/uploads/201601/news/thumb/46a4149eff34ae3810cb08f6c7bd3a87_x3.jpg)
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхлээд долоо хонож байна. Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар албаныхан хэлж байгаа. Үүнтэй холбогдуулан зарим иргэдээс тодрууллаа.
Ингэхэд иргэдийн дийлэнхи нь тодорхой ойлголтгүй ба үйлчлүүлсэн байгууллага нь баримтаа олгохгүй байна гэсэн юм.
Энэ талаар НӨАТ-ын шинэчилсэн хөтөлбөр төслийн техникийн албаны дарга Т.Батбилэгээс тодрууллаа.
- Шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор иргэдээс хэр их гомдол ирж байна вэ?
-Хууль хэрэгжээд дөнгөж долоо хонож байна. Гомдол ч их ирж байгаа. Энэ гомдлын дагуу байгууллагуудыг нь шалгаад явж байна. Очиж шалгасны дараа алдаагаа засаагүй байвал тухайн сарын орлогын хоёр хүртэлх хувиар торгох арга хэмжээ авахаар болсон. Өдөртөө бид 400-500 аж ахуйн нэгжүүдийг холбож байна. Энэ тоо бол хоёрдугаар сарын нэгэн гэхэд хангалттай болж, хүмүүсийн гомдол ч багасна гэж бодож байна.
-Гадаадын иргэн энэ хуульд хамрагдах уу?
-Болохгүй. Зөвхөн Монгол улсын иргэн хамрагдана.
-Сугалааны тохирол хаана, хэзээ явагдах вэ?
-Сугалааны журам долоо хоногийн өмнө батлагдсан. Манай сайтад сугалааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Эхний сугалаа нэгдүгээр сарын 17-нд болно. Түүнээс гадна НӨАТ төлдөггүй бол кассын машин ав гэж шаардахгүй. Манай сайт болон аппликэйшнийг ашиглаж болно.
Хуучин хуулинд хувь хүн, хуулийн этгээдийн борлуулалтын орлогын хэмжээ арван саяд хүрсэн тохиолдолд НӨАТ төлдөг байсан бол шинэчилсэн хуульд борлуулалтын орлого нь 50 саяд хүрвэл НӨАТ төлнө. Мөн тухайн байгууллагын борлуулалтын орлого арван саяд хүрсэн бол сайн дураараа www.ebarimt.mn сайтад бүртгүүлж болно. Борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрээгүйн улмаас НӨАТ-аас хасагдах болсон байгууллагыг зөвхөн Татварын алба автоматаар хасч, гэрчилгээг хүчингүй болгох юм.
Үйлчигээний байгууллагаас баримтаа авсан иргэдэд ирэх давуу талууд:
• Худалдан авалтын мэдээлэл хянах,
• Өрхийн санхүүгээ хянах,
• Хонжвор таарсан сугалааны мэдээллээ харах,
• НӨАТ-н буцаан авах мөнгөн дүнгээ харах,
• НӨАТ-н сугалаа болон урамшуулал буцаан авах банкны дансаа тохируулах юм.
Урамшуулал болон буцаан олголтоо авахын тулд иргэд “МТА” аппликэйшн, www.ebarimt.mn сайт болон Түц машинуудаар бүртгүүлэх боломжтой. Харин сугалааны тохирол жилд нэг удаа явагдаж иргэд дээд тал нь 100 сая төгрөг хожино.
Хэрэв НӨАТ төлдөггүй жижиг хэмжээний дэлгүүр, захаас худалдан авалт хийсэн эсвэл үсчин, нийтийн тээврийн газраар үйлчлүүлсэн бол буцаан олголт хийгдэхгүй зөвхөн сугалаанд оролцох эрхтэй болох юм байна.
Д.Лхам
НӨАТ-ын баримт олгоогүй байгууллагыг торгоно | ||
Үзсэн: 849 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.