2016 онд дэлхийн эдийн засаг 2,9 хувиар өснө гэж Дэлхийн банк таамаглаж байна. Тус банк өчигдөр Дэлхийн эдийн засгийн энэ оны төлөв байдлын тухай тайлан нийтэлжээ. Энэхүү тайлангаас үзэхэд 2016 онд дэлхийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны 6-р сард тус банкны гаргасан урьдчилсан таамгаас бага байх төлөвтэй байна. Дэлхийн банк өмнөх тайландаа 2016 онд дэлхийн эдийн засаг 3,3 хувиар өснө гэж таамаглаж байжээ. Харин энэ удаагийн тайланд тус хувь хэмжээ 0,4 хувиар буурсан байна. Дэлхийн банк шинэчилсэн таамагтаа АНУ-ын эдийн засаг өмнөх оноос хурдацтай буюу 2,7 хувиар өснө гэж үзжээ. Харин шинээр аж үйлдвэржсэн улс орнууд, тэр дундаа БРИКС-ийн орнууд буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг орны эдийн засгийн өсөлт удаашрах хандлагатай байгаа юм. Тодруулбал, 2016 онд Оросын эдийн засаг 0,7 хувь, харин Бразилынх 2,5 хувиар агшина гэж Дэлхийн банкны шинжээчид дүгнэжээ. Өнгөрсөн 6 дугаар сард гаргасан тайландаа Дэлхийн банк тус 2 орны эдийн засаг энэ онд 0,7 болон 1,1 хувиар тус тус өснө гэж таамаглаж байсан нь ийнхүү өөрчлөгдсөн байна. Харин Хятадын эдийн засаг өнгөрсөн онд 6,9 хувиар өсөж байсан нь энэ онд 0,2 хувиар буурч, 6,7 хувьд хүрэх төлөвтэй байгаа юм. Өмнөд Африкийн эдийн засаг өнгөрсөн онтой харьцуулахад 0,1 хувиар илүү буюу 1,4 хувиар өснө гэж Дэлхийн банк таамаглажээ. Харин Европын холбооны эдийн засаг энэ онд 1,7 хувиар өсөх юм байна.
| 2016 онд дэлхийн эдийн засаг 2,9 хувиар өснө | ||
| Үзсэн: 328 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.