Шууд Chart

Фольксваген АНУ-аас 115 мянган автомашинаа эргүүлэн татаж магадгүй

2016-01-07 17:42:40

Германы автомашин үйлдвэрлэгч Фольксваген компани АНУ-д борлуулсан хууран мэхлэх програмтай 115 мянган автомашинаа эргүүлэн татахаар шийдвэрлэсэн талаар Өмнөд Германы сонинд уламжилжээ. Эдгээр автомашины эздэд бүрэн нөхөн төлбөр олгох, эсвэл шинэ загварын автомашиныг хөнгөлөлттэй үнээр худалдан авах гэсэн 2 сонголт санал болгоно гэж тус сонинд мэдээлсэн байна. Гэхдээ Өмнөд Германы сонин ямар нэг эх сурвалж дурдаагүй учраас энэ мэдээлэл ортой эсэх нь тодорхойгүй байгаа юм. Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Хууль зүйн яам байгаль орчны хууль тогтоомжийг нь зөрчсөн гэх үндэслэлээр Фольксвагений эсрэг шүүхэд 48 тэрбум америк долларын зарга үүсгэсэн. Харин мягмар гарагт Фольксвагений суудлын автомашин үйлдвэрлэл хариуцсан захирал Герберт Дайс тус улсад худалдсан 500 мянга гаруй автомашинаа байгаль орчны хууль тогтоомжид нь нийцтэй болгон шинэчлэн засварлах санал тавьж, энэ талаар Америкийн эрх баригчидтай тохиролцоонд хүрэхээр найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Гэхдээ тус компанийн автомашинуудаас 2 литрийн дизель хөдөлгүүртэй харьцангуй хуучин загварын автомашины хорт хий ялгаруулалтыг бууруулахад хүндрэл учирч магадгүй гэдгийг тэрээр нуугаагүй. Эдгээр хуучин загвараа Фольксваген эргүүлэн татах шаардлага тулгарч болзошгүйг Америкийн Байгаль орчныг хамгаалах агентлаг анхааруулж байна. Эргэн сануулахад, АНУ-д хуулиар зөвшөөрсөн хэмжээнээс 40 дахин илүү хорт утаа ялгаруулдаг Фольксвагений автомашинууд энэ тухай үзүүлэлтийг бууруулан мэдээлдэг програмын тусламжтайгаар байгаль орчны шалгалтад тэнцэн, худалдаанд нэвтэрсэн нь өнгөрсөн 9-р сард анх ил болсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Фольксваген АНУ-аас 115 мянган автомашинаа эргүүлэн татаж магадгүй  
Үзсэн: 370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй