Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймаг бүрт бэлтгэл ажил хийгдэж байна. Хөвсгөл аймгийн хувьд л гэхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 1000 гаруй хүүхэд байдаг юм байна. Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа 12 цэцэрлэгт 2000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 3500 гаруй хүүхэд хүмүүжиж байна.
Энэ нь анги дүүргэлт илүү, мөн тэр хэмжээний хүүхэд СӨБ-оос гадуур байна гэсэн үг юм. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр 120 гаруй хүн бүртгүүлснээс 61 хүн сургалтанд хамрагдаж байна. Сургалтаар хүүхдийг хэрхэн аюулгүй орчинд харж хамгаалах, хоол тэжээл, ариун цэвэр эрүүл ахуйг нь яаж сахиулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга барил гэсэн зайлшгүй шаардлагатай чадамжуудыг эзэмшүүлэх юм.
Хүүхэд харах үйлчилгээний гол зорилго бол хүүхдийн аюулгүй байдлыг хангах. Энэ үйл ажиллагаа эхлэхэд хүндрэлтэй зүйл байхгүй ч стандартын шаардлагыг заавал хангаж ажиллах ёстой. Энэ тал дээр түлхүү анхаарч ажиллана гэлээ. Өөрөөр хэлбэл, сургалтад хамрагдсан иргэдийн үйл ажиллагаа явуулах байр нь стандартад нийцэж байгаа эсэхэд эхлээд хяналт шалгалт хийж ажлын хэсэг дүгнэлт гаргах юм. Дараа нь сумын засаг дарга зөвшөөрөл олгосноор төвийн үйл ажиллагаа эхлэнэ гэж Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн М.Даваадулам ярьж байна.
Хүүхэд харах үйлчилгээтэй холбоотойгоор аймгуудад квот өгсөн. Ингэхдээ Хөвсгөл аймагт энгийн хүүхэд 800, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 350, нийт 1150 хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдахаар зохицуулжээ.
| Хөвсгөл аймагт хүүхэд харах үйлчилгээний бэлтгэл ажил хийгдэж байна | ||
| Үзсэн: 408 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.