Шууд Chart

"Алтайн Хүдэр" компани ажилчиддаа 6 тэрбум төгрөгийн өртэй

2016-01-08 17:32:47

2015 оны зургаадугаар сараас хойш буюу сүүлийн 6 сар цалингаа аваагүй “Алтайн Хүдэр” компанийн ажилчид өнөөдөр суулт хийж, хөдөлмөрийн хөлсийг нь олгохыг шаардлаа. "Алтайн Хүдэр" компанийн хувьд нийт 1200 гаруй ажилтантай. Тэднээс өнөөдрийн байдлаар 800 орчим нь ийнхүү олон сарын цалингаа авч чадахгүй, хүндхэн нөхцөлд амьдарч байгаа юм. 

Өрхийн орлого нь хасагдаж, өр зээлээ төлж чадахгүй хүндхэн амьдарч байгаагаа "Алтайн Хүдэр" компанийн ажилчид ярьж байна. Тэд хавар зургаан сараас хойш цалингаа аваагүйгээс гадна 2013, 2014 онд амралтын мөнгө огт аваагүй юм байна. Ажилчид компанийн удирдлагуудад удаа дараа хандсан ч эхлээд эдийн засгийн хямралтай ийм нөхцөлд асуудалд хүлээцтэй хандаж, хүлээхийг ажилчдаас хүссэн. Харин дараагаар нь халагдах өргөдлөө бичээд ирвэл хоёр сая төгрөг өгнө гэсэн хариуг хэлжээ.

"Алтайн Хүдэр" компани өнөөдрийн  байдлаар нэг ажилтандаа багаар л тооцоход 3-4 сая төгрөгийн өртэй болжээ. Энэ тоог 2.3 дахин нугалсан дүнг хэлж байгаа ч ажилтан байна. Харин МҮЭХ-ны Эрчим хүч, Геологи, Уул уурхайн ҮЭХ-ны дарга С.Ганбат тус компани  нийт ажилтнууддаа өгөх ёстой цалингийн хэмжээ 6 тэрбум төгрөгт хүрсэн. Дээр нь нийгмийн даатгалд 1 тэрбум 500 орчим сая төгрөгийн өртэй байгаа гэж хэллээ.

Өнөөдөр "Алтайн Хүдэр" компанийн удирдлагууд эзэнгүй байсан учраас ажилчдын төлөөллийг ирэх даваа гарагт хүлээн авч уулзана гэсэн болзолтойгоор жагсаал тарсан. Угтаа тус компанийн зүгээс ажилчиддаа өгөх ёстой цалингийнхаа тодорхой хувь хэмжээг эхэлж өгөөд үлдсэн хувийг нь үйл ажиллагаагаа жигдрэхээр өгөх тохиролцоог хийх боломж байгааг ҮЭХ-ноос онцолж байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Алтайн Хүдэр" компани ажилчиддаа 6 тэрбум төгрөгийн өртэй  
Үзсэн: 552 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй