Шууд Chart

Төрийн байгууллагууд энэ оноос цахим худалдан авалт хийнэ

2016-01-08 18:45:03

Төрийн байгууллагууд 2016 онд цахим дэлгүүрээс худалдан авалт хийнэ. Тухайлбал, төрийн бүх байгууллагууд өдөр тутмын хэрэглээний бичгийн цаас, принтерийн хор, компьютер, шатахуунаа цахимаар захиалж, худалдаж авах юм. Ингэснээр төсвийн зардлаас их хэмжээний мөнгө хэмнэх боломж байгааг албаны хүмүүс хэллээ. 

Худалдан авах ажиллагааны газрын вэб сайтад “Цахим дэлгүүр” нэртэй шинэ хаяг удахгүй нээгдэнэ. Энэ хаяг руу ороход цахим худалдаа хийх дэлгүүрүүдийн нэр байх юм байна. Эдгээр дэлгүүрээс сонголт хийж төрийн байгууллагууд худалдаа хийнэ. Ингэснээр тухайн байгууллага өдөрт хэдэн литр шатахуун хэрэглэж байгааг мөн хэр хэмжээний мөнгийг цаас, принтерийн хор авахад зарцуулж байгааг иргэд хөндлөнгөөс хянах боломжтой болно гэж ХААГ-ын Төлөвлөлт судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Минжинхүү хэлж байна. 

Жишээ нь, өнөөдөр Худалдан авах ажиллагааны газар нэг боодол бичгийн цаасыг 6500 төгрөгөөр худалдаж авдаг бол Сангийн яам 6800 төгрөгөөр худалдаж авдаг байна. Харин цахим дэлгүүр нээгдсэнээр төрийн байгууллагууд бүгд нэг ижил үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдаж авна гэсэн үг. Энэ хөтөлбөр бүрэн хэрэгжсэнээр дарга нарын шахааны бизнес гэдэг ойлголт байхгүй болно гэдгийг холбогдох хүмүүс хэлж байлаа. 

Цахим худалдаа хийхийн тулд төрийн байгууллагууд ХААГ-тай Ерөнхий гэрээ хийсэн байх ёстой. Энэ гэрээг хийчихвэл цахим худалдаа авалтыг эхлүүлэх нөхцөл бүрдэнэ. Засгийн газар 2012 оны мөрийн хөтөлбөртөө төрийн худалдан авалтыг 100 хувь цахим болгох талаар тусгасны дагуу хөтөлбөрийг эхлүүлжээ.

Энэ дашрамд нэмэлт мэдээлэл хүргэхэд 2016 онд Худалдан авах ажиллагааны газар 61.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 36 ажлыг улсын төсвөөр, 11.5 тэрбум төгрөгийн 7 ажлыг "Хөгжлийн банк"-ны хөрөнгө оруулалтаар гүйцэтгэхээр болж, тендер шалгаруулалтыг эхлүүлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төрийн байгууллагууд энэ оноос цахим худалдан авалт хийнэ   
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй