Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан барилгын салбар уналтад ороод байна. Энэ байдлаас гарах боломж нөхцөлийг эрэлхийлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа компаниуд хамтран ажиллахаар боллоо. Нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа 40 гаруй компани байгаа юм.
Өмнө нь өрсөлдөгчид байсан компаниуд өнөөдөр хамтран ажиллах боломжийн тухай хэлэлцэж, барилгын салбарт тулгарч байгаа эдийн засгийн хүнд байдлыг даван гарах арга замыг эрэлхийлж байна. "Эрдэм бродерс" компанийн салбар “Заг” компани л гэхэд бетон зуурмаг үйлдвэрлэлийн чиглэлээр дотоодын компаниудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Барилгын материал, бүтээгдэхүүний эрэлт их байгаа ч эргэлтийн хөрөнгө, бэлэн мөнгө байхгүй байна гэж салбарынхан учирлалаа. Барилгын компаниуд бэлнээр төлбөр төлөх чадваргүй байгаа учраас бартер хэлбэрээр материал авч барилгаа үргэлжлүүлэх тохиолдол ч элбэг байна. Тиймээс дотоодын компаниуд хамтран ажиллах боломжоо ашиглах нь хямралаас гарах том боломж гэж дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлж байгаа “Хера пропертийз” ХХК, "Erdem brothers" ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд үзэж байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Анх төлөвлөж байснаас гүйцэтгэл удаашрах олон шалтгаан гарч байгаа учраас төлөвлөгөөнд бага зэрэг өөрчлөлт оруулахаар болсон тухай Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг мэдээллээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд нийт хоёр мянга гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулж, дэд бүтэцгүй байсан газруудыг дэд бүтэцтэй болгосон. Энэ онд дээрх амжилтаасаа ухрахгүй байх зорилгыг салбарынхан тавьж байна.
| Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэгч компаниуд хамтран ажиллана | ||
| Үзсэн: 1871 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.