Шууд Chart

Жакартад халдлага үйлдсэн этгээдүүдийг баривчилжээ

2016-01-14 18:05:04

Өнөөдөр нийслэл Жакарта хотод болсон дэлбэрэлтүүдийг Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо “Алан хядах ажиллагаа” гэж нэрлэлээ. Мөн тэрээр амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. 

“Манай улс үндэстэн, ард түмэн айж сүрдэх учиргүй, терроризмын ажиллагаагаар биднийг ялахгүй. Нийгэм олон нийт тайван амгалан байдлаа хадгална гэж би найдаж байна. Энэ хэрэг явдалд амь үрэгдэгсдийн төлөө гүнээ харамсаж байна. Мөн манай аюулгүй байдал, энх амгалан байдлыг эвдэж, хүн ардыг айдас түгшүүрт автуулсныг зэмлэн буруушааж байна” гэж Видодо хэлснийг “Франс пресс” агентлаг уламжиллаа.

Индонезийн нийслэлийн төвд дөрвөн цуврал дэлбэрэлт болж, буудалцааны чимээ гарсан тухай мэдээлэл өмнө нь ирсэн юм. Харин цагдаагийн газрын мэдээгээр, зургаан дэлбэрэлт болжээ. Тэдгээрийн нэг нь худалдааны төвийн эсрэг талд болсон бол, нөгөө нь “Старбакс” кафены дэргэд болсон байна.

Энэ орчимд бас дээгүүр зэрэглэлийн зочид буудлууд, Элчин сайдын яамд болон офиссын барилгууд байдаг байна. Сүүлийн мэдээгээр дэлбэрэлтэд амь үрэгдсэн хүний тоо 7 болоод байна. Индонезиэс ирж байгаа мэдээнүүд одоогоор хоорондоо зөрүүтэй, өөр өөр байгааг энд дурдах хэрэгтэй.

Цагдаагийн газраас нь хэвлэлд өгсөн албан ёсны мэдээллээр бол Жакартагийн төв дэх эдгээр халдлагыг долоон дайтагч үйлдсэний дөрвийг нь тусгай ажиллагааны явцад устгаж, үлдсэн гурван этгээдийг баривчилсан байна. Одоогоор энэ халдлагын хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байгаа боловч Мусульман шашинтай дэлхийн хамгийн том энэ улсад урьд нь хэд хэдэн удаа халдлага үйлдэж байсан Исламист хэт даврагч бүлгүүдийг гол сэжигтнээр тооцож байна. Мөн 2009 онд хоёр зочид буудалд бөмбөг тавьсан халдлагаас хойш хамгийн том алан хядах ажиллагаа энэ болж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жакартад халдлага үйлдсэн этгээдүүдийг баривчилжээ   
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй