Шууд Chart

“Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон хөдөөгийн амжиргаа” төслийг танилцуулав

2016-01-23 14:20:41

"Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон хөдөөгийн амжиргаа” төслийн хэрэгжилтийг танилцуулах семинар Баянхонгор аймагт энэ сарын 21-ний өдөр аймгийн Тамгийн газрын зааланд зохион байгуулагдлаа. Хүнс, хөдөө аж ахуйн яам, Азийн хөгжлийн банктай хамтран Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр 2012-2016 онд “Уур амьсгалийн өөрчлөлтөд зохицсон хөдөөгийн амжиргаа” төслийг Баянхонгор аймгийн Бууцагаан, Заг, Хүрээмарал сумдад хэрэгжүүлсэн. Харин энэ удаагийн семинарт тус сумдын 150 гаруй хүмүүс оролцож төслийн хэрэгжилттэй танилцлаа.

Төслийн зорилго нь мал аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох байдлыг сайжруулах явдал байсан бөгөөд төсөлд оролцогч талууд энэхүү зорилтыг хангахаар хүчин чармайлтаа нэгтгэн ажилласнаар дараах үр дүнд хүрчээ. Тодруулбал,

3 сум, 13 баг, малчны 74 бүлэг бэлчээр ашиглалтын төлөвлөгөө зохион малчны 67 бүлэг сумын захиргаатай гурван жилийн хугацаатай бэлчээр ашиглалтын гэрээ байгуулж, бэлчээр чөлөөлөх самбар байрлуулж, байгальд ээлтэй аргаар хортон мэрэгчдтэй тэмцэж, бэлчээрийг менежментийг хүйтний улирлын бэлчээрийг тогтоосон хугацаанд чөлөөлөх дулааны улирлын блчээрийг тодорхой аргачлалаар өнжөөн сэлгэх зарчим дээр тулгуурлан төслийн нийт сумдын бэлчээр нутгийн 85 хувийг хамруулан амжилттай туршиж нэвтрүүлсэн юм.

Бүхэлдээ 186 га газрыг хамруулан хадлан тэжээл бэлтгэх, доройтсон бэлчээр сэргээх зорилгоор 93 байрлалд талбай байгуулж түүнээс 1446 тонн хадлан, 73 тонн дарш, 60 тонн нэг болон олон наст тэжээлийн ургамал хураан авч малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэв.

Инженерийн хийцтэй 51 гүн өрмийн худаг, 44 энгийн уурхайн худаг шинээр байгуулан сэргээн  засварлаж, булаг шандны 30 эхийг хашин хамгаалж нийт 128 мянган га бэлчээр нутгийг усжуулснаар малчны бүлгийн 592 малчин өрхийн 218 мянган хонь толгой малын усны хангамжийг сайжруулсан.

Малчны 67 бүлэг нийтдээ 210 мянган бог малын багтаамж бүхий 112 өвөлжөө, хаваржаа барьж сэргээн засварлаж өнтэй өвөлжих тухтай хаваржих нөхцөл бүрдсэн юм.

Малчны 17 бүлгийн хонин сүргийг Баяд, Сартуул үүлдийн 350 хээлтэгч, хээлтүүлэгч ашиглан чанарыг сайжруулж 5900 төл бойжуулжээ.

Малчдын 11 хоршоо, 35 бүлгийн 41 бизнэс санаачилгад 635 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсний үр дүнд 108 ажлын байр бий болж, 117 сая тгрөгийн борлуулалт хийлээ.

Төслийн хугацаанд сумдаас малчдад үйлчлэх мотоцикль, байршил тогтоогч, сургалтын тоног төхөөрөмж нийт 27 техник хэрэгсэл, мал эмнэлэг, үржлийн үйлчилгээг сайжруулахаар 24 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангаж, малчдад зориулан 26 твхимол, гарын авлага, 12 нугалбар, богино хэмжээний сургалтын 4 кино бэлтгэж, бэлчээр ус ашиглалт, хамгаалалт орлого нэмэгдүүлэх, малчны байгууллга байгуулах, хөгжүүлэх чиглэлээр 10632 хүнд 88 удаагийн сургалт зөвлөгөө өгсөн байна.

Төслийн ажлаас санаа авч 3 сумдын малчид өөрсдийн 100 увийн хөрөнгө оруулалтар 225 өвөлжөө, хаваржааг сайжруулж, сумын орон нутгийн захиргаанаас хадлангийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 12 га хадлангийн хашсан талбай байгуулж, малчдад бэлчээрийн хортон мэрэгчтэй сургалт хийж, 45 мянган га бэлчээрт үлийн цагаан оготнотой тэмцэж, шувууны суудал 156 ширхэгийг байршуулсан байна.

Мөн төслийн хугацаанд 3 сумдын малчид бэлчээр нутгаар өнө удаан жил ашиглан хамгаалах зорилго дор нэгдэн нийт малчин өрхийн 76 хувь буюу 1020 өрхийг эгнээндээ багтаасан малчны 74 бүлэг, тэдгээрийг нэгтгэсэн сумын бэлчээрийг холбоо, өрхийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол дор эвсэж 641 гишүүнтэй малчдын 12 хоршоо байгуулан ажиллаж байгаа нь төслийн туслалцаатайгаар эхлүүлсэн үйл ажиллагаагаа цаашид тогтвортой авч явах чухал ач холбогдолтой бүхий хөрс суурь бий болсон.

Түүнчлэн төслийн 3 сумдын бэлчээр нутаг сэргэж, малын чанар сайжирч, малчдын мэдлэг туршлага нэмэгдэж, орон нутагт малчдын өөрөө өөрийгөө удирдах нэгж буй болсноор уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар бий болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон хөдөөгийн амжиргаа” төслийг танилцуулав  
Үзсэн: 412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй