Шууд Chart

Иргэдэд хөнгөлөлттэй үнээр шахмал түлш тараах ажил ирэх сард хэрэгжинэ

2016-01-23 15:25:45

Агаарын бохирдлыг бууруулах олон төсөл хөтөлбөрүүдийн нэг болох гэр хорооллын иргэдийг хагас коксжсон шахмал түлшээр хангах ажил энэ жил зогссон. Үүнээс болж нүүрсний хэрэглээ нэмэгдэж, гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй агаарын бохирлын хэмжээ эрс өссөн байна.

 Нийслэлийн хамгийн их бохирдолтой хэсэг болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийг агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүс болгон тогтоосон. БГД-ийн бүх хороодод нүүрс түлэхгүй байх шийдвэр гарч, 2013-2015 оны хооронд нүүрсний хэрэглээг бүрэн зогсоосон байна. Нүүрсний хэрэглээ багасахтай зэрэгцэн агаарын бохирдол буурч байгаа судалгааны дүн гарч байсан хороодод энэ жил бохирдлын хэмжээ ахиад нэмэгджээ.

Энэ жил нийслэлийн төсөвт агаарын бохирдлыг бууруулах ажилд хөрөнгө оруулахгүй байх шийдвэр гарсан. Харин БОНХАЖ-ийн сайдын багцад 5 тэрбум төгрөг суулгасан. Энэ хөрөнгийг агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэд хэдэн ажилд зарцуулахаар төлөвлөж байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнд том ширхэглэгт тоосонцрын (PM10) хэмжээ 2011-2012 оны төвшингөөс өнөөдрийн байдлаар дунджаар 60 хувь буурсан. Гэвч бохирдлын хэмжээ Монгол Улсын агаарын чанарын стандартаас 1.6 дахин их байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнд нарийн ширхэглэгт тоосонцрын (PM 2.5) хэмжээ 2011-2012 оны төвшингөөс өнөөдрийн байдлаар дунджаар 40 хувь буурсан. Ингэж буурсан ч Монгол Улсын агаарын чанарын стандартаас дунджаар 2 дахин их, өвлийн ид хүйтэнд 7-8 дахин их байх тохиолдол ажиглагдаж байна. Том болон нарийн ширхэглэгт тоосонцорын голлох эх үүсвэр нь гэр хорооллын айл өрхийн зуухны галлагаа, халаалтын зуухнаас үүдэлтэй.

Манай улс эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 95 хувийг нүүрсний цахилгаан станцуудаас гарган авдаг. Ийм нөхцөлд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хороололд сайжруулсан түлш тараах ажлын үр дүн маш бага байгааг ч албаныхан тайлбарлаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иргэдэд хөнгөлөлттэй үнээр шахмал түлш тараах ажил ирэх сард хэрэгжинэ  
Үзсэн: 328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй