Шууд Chart

Говийн бүс нутагт шатахууны үнэ буурлаа

2016-01-25 17:53:15

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу алслагдсан бүс нутгийн шатахууны жижиглэн борлуулалтын үнийг төвийн бүсийн үнэтэй ойролцоо болгох ажил үргэлжилж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт шатахууны үнэ 50-150 төгрөгөөр буурлаа. Ингэснээр говийн бүс нутгийн эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болно гэж Уул уурхайн сайд Р.Жигжид хэлж байна. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хямдрах, тээвэр болон бусад үйлчилгээний өртөг буурах боломжтой. 

Дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ буурч нэг баррель нь 30 орчим америк долларт хүрсэн нь манай улсад эерэг нөлөө үзүүлж байна. Одоогоор баруун, зүүн, говийн бүс нутгаар шатахууны үнийг 150 хүртэлх төгрөгөөр буулгаад байна. Цаашид ч шатахууны үнийг энэ хэвээр нь тогтвортой байлгахын тулд манай улс руу нефть бүтээгдэхүүн экспортлох  улс орнуудын тоог нэмэх ажлыг хийж байна.  
Түүнчлэн шатахууны үнэ буурсан нь бодит хэмнэлт үүсгэж байгааг иргэд онцолж байна. Өмнө нь 10 литр шатахуун авдаг байсан мөнгөөр 11 литрийг авах боломж бүрдэнэ. Цаашлаад их хэмжээгээр авсан тохиолдолд хуримтлал бий болгох боломжтой байгаа юм. 2015 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 1 сая 200 орчим мянган тонн шатахуун борлуулсан байна.

Үүний 70 орчим хувийг нь жижиглэн борлуулалт эзэлдэг байна. Харин говийн бүс нутгийн хэмжээнд жилд дунджаар 78 орчим мянган тонн шатахуун хэрэглэдэг. Литр тутамд 50-150 төгрөгөөр бууруулснаар жилд хамгийн багадаа энэ бүсэд 3.9 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарч байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говийн бүс нутагт шатахууны үнэ буурлаа  
Үзсэн: 501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2016-01-25 19:21
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй