![](/uploads/201601/news/thumb/b88e6142bf12068727bc93dddb99c37c_x3.jpg)
ОХУ-ын Төрийн думд өргөн барьсан “Орос, Монголын Засгийн газар хоорондын санхүүгийн харилцааг зохицуулах тухай хуулийн төсөл”-ийг дэмжжээ. Ингэснээр ОХУ-д Монгол Улсаас төлөх ёстой нийт өрийн 97 хувь буюу 174.2 сая ам.долларыг тэглэхээр болж байгаа аж. Энэ тухай ОХУ-ын «МК», znak.com, gazeta.ru зэрэг сайтад мэдээлжээ.
Уг хууль баталгаажсанаар Монгол Улс ОХУ-д төлөх ёстой 3.8 сая ам.доллар буюу нийт өрийн гурван хувийг төлөх үлдэж байна. Хуулийг хэлэлцэх явцад ОХУ-ын Либерал Ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский эрс эсэргүүцэж, “Монгол Улстай эдийн засгийн харилцаатай бүх улс дотроос яагаад зөвхөн ОХУ-д Монгол Улс өрөө төлдөггүйг би ойлгохгүй байна. Монголчууд бартерын аргаар өрөө төлөх боломжтой байсан. Тэдэнд зуданд нэрвэгдэх шахаж буй 30 сая хонь байна. Харин манай Байгаль нуурын бүс нутагт хонь нь бүгд үрэгдсэн тул хонины дутагдалд орсон. Өрийг хониор солин авах боломж байсаар байтал Сангийн сайд зөвхөн валют авна гээд байгааг ойлгохгүй байна. Мах валют биш гэж үү. Валют байхгүй орноос валют нэхэж, дараа нь авсан валютаараа эргүүлэн өөр орноос мах авах гээд байгаа юм уу” хэмээн санал бодлоо илэрхийлжээ.
Монголын өрийг тэглэх тухай хуулийн төслийг Сангийн дэд сайд Сергей Сторчак Төрийн думд оруулсан бөгөөд яагаад Монгол Улсаас мах авч болохгүй талаар “Монгол Улсаас мах хангахад малын халдварт өвчний эпидемиологийн нөхцөл байдлаас болж хүндрэлтэй байна” хэмээн тайлбарлажээ.
Уг мэдээллийн дагуу бид Сангийн яамнаас тодруулга авах гэсэн боловч "Сайдын зөвшөөрөлгүй ямар ч мэдээлэл өгөхгүй" гэсэн тайлбарыг туслах нь өгсөн юм. Мөн Монголбанкнаас ч гэсэн тодруулга өгөхөөс татгалзлаа.
Д.Сумъяацэцэг
ОХУ Монголын нийт өрийн 97 хувийг тэглэнэ | ||
Үзсэн: 656 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.