Үндэсний эмийн үйлдвэрийн 5 компани хамтран хөрөнгө оруулсан “Энхийн шүүдэр” дуслын шингэн эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцлаа. Тус үйлдвэр 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, цаашдаа үйлдвэрлэлийг өргөжүүлж дотоодын эмийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой юм байна.
“Энхийн шүүдэр” үйлдвэрийнхэн одоогийн байдлаар дотоодын эмийн хэрэгцээний 17 хувийг хангаж байна. Цаашдаа Монгол Улсын эмчилгээнд хэрэглэдэг бүх төрлийн дуслын шингэн эмийг үйлдвэрлэнэ. Эхний ээлжинд шингэн эмийн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, алсдаа экспортод гаргах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Үйлдвэрийг байгуулахад үндэсний эм үйлдвэрлэгч "Монос", "Мөнхийн тун", "Эмийн үйлдвэр", "Цомбо", "Нахиа" гэсэн таван компани 7 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн Засгийн газрын Чингис бондоос 5 тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг авчээ. Одоо үйлдвэрлэлээ хэвийн явуулахад эргэлтийн хөрөнгийн 3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа тухай Ерөнхий сайдад танилцуулсан юм.
Эмийн хэрэглээг дотоодоосоо бүрэн хангадаг болохын тулд хатуу тунгийн эмийн үйлдвэрлэлийг нэвтрүүлэх шаардлагатай. Үүн дээр 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг үйлдвэрлэгчид хэлж байна. Энэ тал дээр Засгийн газар болон салбарын яамнаас бодлого, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгийг мөн мэдээллээ.
“Энхийн шүүдэр” эмийн үйлдвэр цагт 4500-5000 уут, хоногт 24 уут дуслын шингэн эм үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Үндэсний хөрөнгө оруулагчдын санаачилгаар ийнхүү эмийн салбарт шинэ дэвшил бий болж байгааг Ерөнхий сайд сайшаагаад бусад салбарт ч ийм туршлага нэвтрүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
| Ерөнхий сайд “Энхийн шүүдэр” дуслын шингэн эмийн үйлдвэртэй танилцав | ||
| Үзсэн: 545 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.