Шууд Chart

Иргэдийн хадгаламжийн хэмжээ 14.4 хувиар өсчээ

2016-02-02 10:03:41

Иргэд үргүй зардлаа хэмнэж, хэмнэсэн мөнгөө хуримтлал болгож байгаа тухай сурвалжлага хүргэе. 2014 онд банк, санхүүгийн байгууллага дахь төгрөгийн хадгаламжийн хэмжээ 3.8 их наяд төгрөг байсан бол 2015 онд 14.4 хувиар өсч, 4.4 их наяд төгрөг болжээ. Байгууллагууд ч хамт олноороо хадгаламж нээлгэдэг сайн жишиг тогтож эхэлж байна. 

Тухайлбал, Мэдээлэл холбооны сүлжээ компанийн санхүү бүртгэлийн хэлтсийн 10 мэргэжилтэн өнгөрсөн оны 11 дүгээр сард бүгд хадгаламж нээлгэж, сар бүр 50 мянган төгрөгийг дансандаа хийж байна. Тэд сардаа 800 мянгаас нэг сая төгрөгийн цалин авдаг. Банкинд ипотек, хэрэглээний зээлтэй ч тэд сар бүр 50 мянган төгрөгөө хуримтлуулж чадаж байна. Нэг ажилтны хуримтлал жилийн дараа гэхэд 600 мянга төгрөг болно. Харин хүү нь 60-аад мянга төгрөг болж, нийтдээ 660 гаруй мянган төгрөгтэй болно. 

Банкинд данстай болж, мөнгөө хүүтэй өсгөх сонирхолтой иргэдийн тоо нэмэгдсэнийг ганц л жишээнээс харж болно. 2014 онд Голомт банкинд 268 мянган харилцагч иргэн хадгаламжтай байсан бол 2015 онд 295 мянга болж жилийн хугацаанд 10-аад хувиар өсчээ. 

Банк дахь иргэдийн хадгаламжийн хэмжээ 2014 онд 4.6 хувийн өсөлттэй гарч байсан байна. Тэгвэл 2015 оноос мэдэгдэхүйц нэмэгдэж, 14.4 хувиар өсч, жилийн хугацаанд 500-аад тэрбум төгрөгөөр нэмэгдээд байгаа юм. 

Иргэн бүр нь санхүүгийн сахилга баттай байж, хуримтлал үүсгэж чадвал улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдалд сайнаар нөлөөлдөг. Монголчуудын хувьд хуримтлалтай байхыг илүүд үзэж эхэлж байна. Энэ нь иргэдийн санхүүгийн мэдлэг нь сайжирч байгаатай холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа юм. 
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иргэдийн хадгаламжийн хэмжээ 14.4 хувиар өсчээ  
Үзсэн: 521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй