Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Хүний эрхийн үндэсний комиссоос давхардсан тоогоор 700 орчим шалгалт явуулж, 300 орчим судалгаа хийжээ. Сүүлийн жилүүдэд хууль, шүүхийн байгууллагатай холбоотой зөрчил, гомдол буурсан бол эрүүл мэндийн салбар болон ажлын байран дээр хүний эрх зөрчигдөх тохиолдол өндөр хэвээр байна.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос олон улсын байгууллагуудтай хамтран хийсэн судалгаа, шалгалтын дүнд хүний эрх хамгийн их зөрчигдөж байгаа орчныг ингэж тодорхойлсон байна. Эмчилгээгүй гэсэн онош авсан хүн эрхээ эдэлж чадахгүй байсаар хорвоог орхих тохиолдол маш элбэг байна гэж “Монголын хөнгөвчлөх эмчилгээ” нийгэмлэгийнхэн мэдээлж байна. Хөнгөвчлөх эмчилгээ үзүүлэх тусламж үйлчилгээг хуульчлаагүйн улмаас олон иргэн ямар ч эмчилгээ тусламж авч чадахгүй байсаар хорвоог орхиж байгааг “Монголын хөнгөвчлөх эмчилгээ” нийгэмлэгээс судалгаагаараа гаргажээ.
Уул уурхайн нөлөөгөөр байгаль орчин сүйдэж, амьдрах нөхцөл доройтож байгаа газруудад хүний эрх зөрчигдсөөр байна. Ялангуяа малчдын нүүдэллэх эрхийг хуулиар хамгаалах шаардлагатай гэж хүний эрхийн байгууллагууд үзэж байна.
Хүний эрх зөрчигдөж байгаа тоотой хэдэн салбарыг эс дурдвал манай улсад өнгөрсөн 15 жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалах орчныг хуульчлан, хэрэгжүүлэх тал дээр бодитой ажил олон хийгдсэн гэж албаныхан дүгнэж байна. Хүний эрхийг хамгаалах орчныг бүрдүүлж байгаа үзүүлэлтээрээ манай улс олон улсын түвшинд 13 удаа А үнэлгээ авсан нь үүний нэг үнэлгээ гэдгийг тэд танилцууллаа.
НҮБ-аас манай улсыг Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зөвлөмж өгсөн. Энэ хүрээнд хүний эрхийн төлөө ажиллаж байгаа байгууллага, хувь хүнийг хуулийн хүрээнд хамгаалах орчныг бүрдүүлэх үндэсний хөтөлбөртэй болох зорилгыг салбарынхан ойрын хугацаанд тавьж байна.
| Сүүлийн 15 жил хүний эрхийн асуудлаар 300 орчим судалгаа хийжээ | ||
| Үзсэн: 279 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.