УИХ-ын гишүүд А.Бакей, А.Тлейхан нар өчигдөр зудын байдалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадралыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр Т.Бадрал улсын хэмжээн дэх зудын байдал, авч байгаа арга хэмжээний талаар танилцуулахын хамт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баяннуур, Цэнгэл, Улаанхус, Толбо сум бүхэлдээ, Алтай, Булган, Бугат Дэлүүн, Ногооннуур, Сагсай сумдын малчдын өвөлжилт хүндэрч байгаа талаар танилцууллаа.
Өмнө нь улсын хэмжээнд 4500 тонн өвсийг үнэгүй тараасан, 2000 тонн тэжээлийн үнийг 50 хувь хөнгөлж олгосон. Хэдхэн хоногийн өмнө 200 тонн тэжээлийг Баян-Өлгий аймаг руу ачуулсан байна. Мөн тус аймагт 200 тонн өвсний нөөц байгаа тухай хэллээ. Түүнчлэн зудын байдалтай холбогдуулан төрийн байгууллагуудын зардалд зориулж Баян-Өлгий аймагт 100 сая төгрөгийг шилжүүлсэн гэв.
Эдгээр асуудлыг УИХ-ын гишүүдэд танилцуулсаны дараа ойрын хугацаанд Баян-Өлгий аймагт тусламж, хөнгөлөлт үзүүлэх гарцыг нээлээ. Цагаан сарын дараа ОБЕГ-аас Баян-Өлгий аймагт 300 тонн тэжээлийг нэмж ачуулахаар болсон. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Улаан загалмай нийгэмлэг зэрэг олон улсын 20 гаруй байгууллагаас зудтай холбогдуулан Монгол Улсад үзүүлэх тусламжийг эхний ээлжинд Баян-Өлгий аймагт хувиарлахаар боллоо.
Нөөцийн өвс, тэжээлийг малчдад зээлээр олгох асуудлыг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын комисс, аймгийн засаг дарга батлан даалт гаргах замаар шийдвэрлэж болохыг мөн тохиролцлоо.
| ОБЕГ Баян-Өлгий аймагт 300 тонн тэжээл хүргэнэ | ||
| Үзсэн: 370 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.