Шууд Chart

Хоёр дахь “Ганнам стайл” буюу “Нэг фунтын загас”

2013-09-25 11:05:00

Мухамед Шахид Назир гэх 31 настай Пакистан эр Лондон хотын нэгэн хүнсний захад загасны наймаа эрхэлдэг байв. Түүнийг ажиллуулж байсан дэлгүүрийн эзэн худалдан авагчдыг татах ямар нэгэн шинэ зүйл санаачлах шаардлагатайг зөвлөжээ. Зөвлөгөөний дагуу Шахид "Эзэгтэй нараа нааш ирцгээ, нэг фунтын загас зарж байна" хэмээн дуулах мэт аялгуулан зарлах болсон байна.
Түүний байдал гудамжинд яваа хүмүүсийн анхааралд өртөх болж, хэн нэгэн нь бичлэг хийж өнгөрөгч оны дөрөвдүгээр сард youtube-д байрлуулжээ. Уг бичлэг хүмүүсийн сонирхлыг татаж, хандалтын тоо одоогийн байдлаар 10 саяд хүрээд байна. Тэгтэл бичлэгийг үзсэн дуу бичлэгийн компанийн хүмүүс санал тавьсны дагуу хөгжмийн найруулга хийж, клип бүтээснээр "Нэг фунтын загас" дуу төрөв. Уг бүтээл тэр дороо нэрд гарч Их Британийн долоо хоногийн шилдэг 40 дууны жагсаалтад багтжээ.
Шахид Назир телевизийн нэвтрүүлэгт уригдан оролцож, нэр хүндтэй сонин хэвлэлийн хуудсанд бичигдэж, од болов. Харин Их Британид амьдрах нэг жилийн визний хугацаа нь дуусч түүнийг нутагтаа ирэхэд 250 шүтэн бишрэгч нь албан ёсоор угтжээ. Тэр ч байтугай таван жилийн өмнө алагдсан ерөнхий сайдын дурсгалд зориулсан телевизийн нэвтрүүлгийг дундаас нь таслан байж, нисэх буудлаас хийсэн шууд сурвалжлага Пакистан даяар цацагдав.
Шахид Назир гэр бүлтэй, дөрвөн хүүхдийн эцэг хүн юм. Нутагтаа эдийн засгийн чиглэлээр дээд сургууль дүүргэсэн тэрээр өөрийн эцгийн эрхэлдэг тээврийн компанид ажиллаж байжээ. Харин бизнес сургалтын хүрээнд Их Британи улсад 1 жилийн хугацаагаар ажиллаж, амьдрах боломж олдсон нь түүнийг од болох замыг нээсэн байна.
Youtube-ийн шинэ од, интернет ертөнцийн шинэ вайрал, хоёр дахь Ганнам стайл гэгдэж буй тэрээр өөрийн бүтээлийн нэрээр "Нэг фунтын загас" хэмээн нэрлэгдэх болов. Өнөөдрийн байдлаар түүний сарын орлого өмнөхөөс 10 дахин нэмэгдэж, түүнтэй хамтран ажиллах санал гадаад улсуудаас ч ирэх болов. Тэрээр гэр бүлийн хамтаар Их Британи улсад шилжин суурьшихаар төлөвлөж байгаа боловч багаасаа дуртай байсан дуулах сонирхол, өөрийг нь нэрд гаргасан загасны худалдаагаа аль алиныг нь орхих хүсэлгүй гэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр дахь “Ганнам стайл” буюу “Нэг фунтын загас”  
Үзсэн: 932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй