Шууд Chart

Нийслэлийн хөдөө аж ахуйн салбарын шилдгүүд тодорлоо

2016-02-10 13:03:08

Энэ жил нийслэлийн мал сүрэг 20 мянгаар өссөн сайхан амжилтаар гал хонь жилээ үдэж байна. Нийслэлийн хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан малчид, фермер эрхлэгчид, тэргүүний тариаланчид шалгарлаа. 

Нийслэлийн сайн малчнаар долоон хүн шалгарлаа. Мал сүргээ өсгөхөөс гадна, хороо дүүрэгтээ ажлын байрыг нэмэгдүүлж, нийслэлийн хэрэглэгчдийг эрүүл чанартай хүнсээр хангах үйлсэд малчдын оролцоо чухал байдаг. Сайн малчнаар тодорсон Ч.Баатарын хувьд гурван туслах малчныг тогтмол ажлын байраар хангаж, хэд хэдэн айлд малжуулах төсөл хэрэгжүүлсэн байна.

Мөн нийслэлийн тэргүүний фермерээр 4 хүн шалгарсан. Хот суурин газрын хөгжлийг дагаад уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаас илүү, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлд жинтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг ийнхүү шагнаж байгаа юм. СХД-ийн 21 дүгээр хорооны фермерийн хувьд Голландын сүүний чиглэлийн сүрэг өсгөж, өнгөрсөн онд нийслэлчүүдийн хэрэгцээнд 700 тонн сүү нийлүүлсэн гэж тус фермерийн эзэн Д.Амгаланбаатар ярилаа. 

Нийслэлийн хөдөө аж ахуйн салбарын бас нэг ололт нь хүлэмжийн аж ахуйгаас бүтэн жилийн турш тасралтгүй ургац авах технологийг нэвтрүүлсэн явдал байлаа. 

Нийслэлийн шилдэг тариаланч хамт олноор 20 гаруй төрлийн нарийн хүнсний ногоог хүлэмжинд тариалдаг "Органик монгол ургац" компани шалгарсан байна. Нийслэл хотын мал сүрэг өсч, 400 гаруй мянгад хүрсэн. Түүнчлэн сая илүү хүн амтай хотыг эрүүл хүнсээр хангахад Хөдөө аж ахуйн нэгжүүд нэмэгдэж байгааг онцолж байлаа. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийслэлийн хөдөө аж ахуйн салбарын шилдгүүд тодорлоо   
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй