CNN телевиз аялахад таатай 16 орны жагсаалтад Монголыг багтаасныг бид өмнө нь мэдээлж байсан. Өнгөрсөн оныг 2014 онтой харьцуулахад нийслэлийг зорин ирэх жуулчдын тоо зургаа орчим хувиар өссөн сайн үр дүн гарсан байна. Ийнхүү аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болж байгаа “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг энэ онд илүү сайжруулахаар болжээ.
Өнгөрсөн онд жуулчдад үзүүлж харуулах зүйл олон байсны нэг нь Даншиг наадам-Хүрээ цам юм. Мөн сонгодог урлагийн үдэш, Их талын жазз олон улсын хөгжмийн наадам, “Учиртай 3 толгой” дуурь гээд зуны турш жуулчдад өөрсдийн үндэсний онцлог уламжлалыг харуулсан олон арга хэмжээг хүргэсэн нь хоёр хөршийн болон Япон, Солонгос, АНУ-аас Монголыг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлж чадсан байна.
Энэ жилийн хувьд илүү олон жуулчин хүлээн авах, өмнө нь ирсэн жуулчдаа дахин урихын тулд үндсэн долоон зорилтыг дэвшүүлжээ. Тодруулбал, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, тэдэнд зориулсан мэдээллийн лавлах утсыг технологийн шийдлээр сайжруулах, Улаанбаатар хотын үйлчилгээний газруудын хаяг байршил, мэдээллийг гүүгл мэпд 3D хэлбэрээр оруулахаар болсон байна. Мөн жуулчдад зориулсан амралт, аялал жуулчлалын төвүүдийг байгуулна. Хүрэл тогоот дахь одон орон судлалын төвийг жуулчдад нээлттэй, аялал жуулчлалын төв болгоно. Нийтийн тээврээр зорчих, үзвэр үйлчилгээний газруудад багцын үнээр үйлчлүүлэх боломжтой "Жуулчин" картыг нэвтрүүлэх юм байна. Мөн ХБНГУ, ОХУ, Япон гээд хэд хэдэн оронд зохиогддог аялал жуулчлалын үзэсгэлэн, яармагуудаар дамжуулан Улаанбаатар хотоо сурталчилна.
Түүнчлэн Үндэсний их баяр наадмын үеэр жуулчдад зориулж олон нийтийг хамарсан соёл урлагийн долоон том арга хэмжээ болох юм байна. Үлдсэн хугацаанд нь 21 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ бүх ажлыг жил бүр үе шаттай хэрэгжүүлснээр 2020 он гэхэд хоёр сая, 2030 он гэхэд таван сая жуулчин хүлээн авах зорилт биелэлээ олно гэж Нийслэлийн аялал жуулчлалын газрынхан үзэж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдрийн "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.
| Наадмаар жуулчдад зориулан 7 үйл ажиллагаа зохион байгуулна | ||
| Үзсэн: 475 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.