Шууд Chart

Нүүрс хуурай аргаар боловсруулах туршилтын үйлдвэртэй болно

2016-02-16 16:11:44

Эрдэнэс Тавантолгой компани, Япон улсын "Нагата Инженеринг" компанитай хамтран нүүрсээ хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэр байгуулахаар боллоо. Усны нөөц багатай говьд нүүрсийг хуурай аргаар баяжуулснаар байгаль орчноо хамгаалж, нүүрсэндээ нэмүү өртөг шингээж гадны зах зээлд нийлүүлэх боломжтой болох юм. Өнөөдөр хоёр тал жилд 300 мянган тн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийн гүйцэтгэлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийг Монголд нэвтрүүлэх төслийн суурийг хоёр улсын Засгийн газар гурван жилийн өмнө тавьж, санамж бичиг байгуулж байжээ. Ингээд нүүрсийг дусал ч ус ашиглахгүйгээр баяжуулах боломжийг судалж, үр дүнд нь Эрдэнэс Тавантолгой компанийн талбайд туршилтын үйлдвэр байгуулахаар болсон байна. Энэ талаар  Япон улсын Шинэ эрчим хүчний аж үйлдвэрийн технологийн газрын гүйцэтгэх захирал Мунехико Цучияа “30 сая тонн нүүрс баяжуулахад 4-5 сая куб метр ус шаардагддаг. Харин хуурай аргын технологи нь усны оронд элс ашигладгаараа онцлогтой юм. Нүүрсний чанар нойтон аргаар баяжуулсантай ялгаагүй. Энэ технологийг "Нагата Инженеринг" компани эзэмшдэг. Японд нөөцийг дахин ашиглахдаа дээрх аргыг хэрэглэж байна. Жишээ нь автомашин, гэр ахуйн хуучин электрон барааг нунтаглаж, зэс, хуванцар гарган авдаг. "Нагата Инженеринг" компани хуурай технологийн тоног төхөөрөмжийн технологийг боловсруулсан” гэж ярилаа.

Энэ төслийг Япон улсын Засгийн газрын 10 сая гаруй долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх юм байна. Гэхдээ манай талаас тодорхой хэмжээний санхүүжилт гарна гэдгийг Уул уурхайн сайд хэллээ.

Япон улс хэрэглэж байгаа нүүрсээ 100 хувь импортоор авдаг. Нийт  эрчим хүчнийхээ 30 хувийг нүүрснээс гаргадаг. Тиймээс Эрдэнэс Тавантолгойн туршилтын үйлдвэр хоёр жилийн дараа бүтээгдэхүүнээ гаргаад эхэлвэл Япон улс Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг авах боломж нээлттэй байгаа юм байна. Нүүрсээр баян олон орон өнөөдрийг хүртэл дийлэнх нь нойтон буюу ус ашиглаж нүүрсийг баяжуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид дэлхийд нэвтэрч байгаа сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл туршилтын үйлдвэрийг өргөтгөж, цаашлаад шаардлагатай тоног төхөөрөмжийг нь Монголд үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбарыг бодитой дэмжих боломжтой гэж Японы талаас тайлбарласан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нүүрс хуурай аргаар боловсруулах туршилтын үйлдвэртэй болно  
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй