![](/uploads/201602/news/thumb/8b2f2b12b4f1ef502d498622f8bc07e1_x3.jpg)
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжих хугацаа энэ сарын 20-нд дуусна. Өнөөдрийн байдлаар зөвхөн татвар, нягтлан бодох бүртгэлийн тайлангаар 14.7 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болсон байна.
Хувь хүн, хуулийн этгээд нь 2015.04.01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр ил болгосноор хуулиар тогтоосон хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөх юм. Нийгмийн даатгал, Улсын бүртгэл, Нягтлан бодох бүртгэл, Гааль, татвар, Захиргааны хариуцлагын, НӨАТ-ын зэрэг долоон хуулиар зургаан төрлийн татвар, хураамж хөнгөрнө.
Ил тод байдлын хуулийн үйлчлэлийн хугацаа дуусахад 4 хоног үлдээд байна. Иргэн, хуулийн этгээдийн мэдүүлсэн мэдээлэл нууц байна. Дахин эрүүгийн хэрэг үүсгэхгүй, захиргааны хариуцлага хүлээлгэхгүй, гүйцэтгэх ажил явуулахгүй байхаар хуульчилсан.
Татвар хураамж, хөрөнгө орлогоос гадна, НД-ын байгууллагад тайлагнаагүй цалин хөлсөө шинэчлэн тайлагнах, шимтгэл төлөх орлогыг бууруулсан, төлөөгүй шимтгэлээ хүү торгуульгүй төлнө. НД-ын шимтгэл бол татвар шиг шууд хөнгөлж, эсвэл төлүүлэхгүй үлдээж болдоггүй. Учир нь хувь хүн бүрийн ирээдүйд учрах эрсдлийг хүлээдэг, нийгмийн баталгаа болдог учраас ажил олгогч заавал төлөх үүрэгтэй. Хэрвээ энэ хуулийн хүрээнд шинэчлэн тайлагнаагүй бол хуулийн үйлчлэлийн дараагаас төлөөгүй шимтгэлд хүү торгууль ногдуулан заавал төлүүлэх эрх зүйн зохицуулалт бий.
Нийгмийн даатгалын салбарт 2182 ажил олгогч, 7475 даатгуулагчийн 19.7 тэрбум төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогыг ил болгосон байна. Өнөөдрийн байдлаар 4.4 тэрбум төгрөгийн шимтгэл төлөгджээ. Эдийн засгийн ил тод байдлын хуулийн хэрэгжилт урьдчилсан байдлаар далд эдийн засгаас 15 орчим их наядын орлого, хөрөнгийг ил болголоо. Энэ нь одоогийн ДНБ-ний 60 орчим хувьтай тэнцэхээр байгааг зарим эх сурвалж хэлж байгаа юм. Нэгдсэн дүн гарах болоогүй байна. Долоон мянга орчим иргэн, хуулийн этгээдийн санхүүгийн тайлан орлого нэмж бүртгэгдэх учиртайг албаны эх сурвалж хэллээ.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт дуусахад 4 хоног үлдлээ | ||
Үзсэн: 733 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.