Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдэнэ

2016-02-17 08:43:54

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль ээлжит бус чуулганаар батлагдахаар хүлээгдэж байна. Хууль батлагдвал хөгжлийн бэрхшээлтэй 130 мянган хүний нийгмийн харилцаанд оролцох боломж нээгдэж, тэдний өмнө тулгамдсан олон асуудал шийдэгдэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амьдарч байгаа байрнаас эхлээд зам, дэд бүтцийг нь шийдээгүйгээс олон эрсдэл тулгарсаар ирсэн. Харин шинэ хуулиар энэ асуудлыг шийдэх ёстой юм.

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд төрөлх хэл нь дохионы хэл. Гэтэл манай улсад гарын 5 хуруунд багтах дохионы орчуулагч бий. Тиймээс сонсголын бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцааны гадна үлдэж ирснийг энэ хууль залруулна. Энэ талаар Монголын дүлий иргэдийн үндэсний холбооны тэргүүн Т.Цэдэнбал “Манай улсын хувьд дохионы хэл ойлгодог хүн маш ховор. Тиймээс эрүүл мэндийн үйлчилгээнээс эхлээд төр захиргааны байгууллагад ч өөрийн хүсэлтээ хүргэхэд хүнд байсан. Одоо дохионы хэлийг албан ёсоор баталгаажуулснаар орчуулагчдыг бэлтгэх цар хүрээ нэмэгдэж, 111 төвтэй адил бидний хүсэлтийг бүртгэж авдаг суурин оператор ажиллана гээд олон боломж бүрдэж байна. Энэ бол сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд олон жил хүлээсэн мөч юм” гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, ажил эрхлэлт, дэд бүтэц, мэдээлэл харилцаа, нийгмийн халамж гээд олон асуудлыг энэ хууль шийднэ. Мөн тэднийг ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцлөөр түрээсийн орон сууцанд хамрагдах суурийг ч хуульд тусгажээ. Энэ бол улсын төсөвт дарамт учруулахгүй, хүн бүхэн хичээхэд биелэх боломжтой хууль гэж тэд ярьж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг 2-3 жилийн хугацаанд судалсан. Одоо хурдхан батлуулж, нэг өдрийн өмнөөс ч болов хэрэгжиж эхлэхийг нь хүлээж байна гэлээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдэнэ  
Үзсэн: 472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-02-17 09:56
сайн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зээлд хамрагдах нь битгий хэл банкны хаалгаар ороход дарга эдийн засагч нь энэ зээлд хэзээ ч хамрагдаж чадахгүй. чадлаа ч зээлээ эргэн төлөх ямарч боломж чадавхи байхгүй гэсэн үүднээс ханддаг юм билээ. Би өөрөө ХБ. Тэгээд зээл хөөцөлдөж УБ-ын бараг бүх банкны дарга эдийн засагчтай нь уулзсандаа. Тэрнээс биш ХБ мөртөө ажил хийгээд улсаас мөнгө нэхэхгүй аж амьдралаа сайхан авч явж байгаа зөндөө хүмүүс байдагийг би мэднэ.

Бидэнтэй нэгдээрэй