Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Цог, З.Баянсэлэнгэ, Д.Ганбат, Ц.Оюунбаатар нарын 24 гишүүн өршөөлийн хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Улсын хэмжээнд хорих ял эдэлж буй 8000 хүмүүжигчээс 3000-ыг нь хамруулах боломжтой гэж тооцоолсон энэ хуулийн төслийн гол зорилго нь хүмүүжигчдийг нийгэмд ач тустай үйл хэрэг хийж, нийгэмших, зөв амьдрах урам зоригийг нь нэмэхэд оршино гэнэ. Хуулийн төсөлд тусгаснаар анх удаа, хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдсэн, 2-3 жилийн хорих ял үлдсэн хүмүүжигчдийн ялыг өршөөх юм байна. Өмнөх хуулиудаас ялгаатай нь хохирогчид, улсад, нийгэмд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан байх үндсэн шаардлагыг тавина. Харин хүнд, онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүжигчийн ялын хэмжээнээс 1-3 жилийг хасахаар заасан бол авлигын болон албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн хүмүүжигчдийг аль болох хамруулахгүй байхаар зохицуулжээ. Мөн өмнө нь өршөөлийн хуульд хамрагдсан ч дахин гэмт хэрэг үйлдсэн хүмүүжигч энэ хуульд хамрагдахгүй юм байна. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Нийгэмд Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүжигчид дахин гэмт хэрэг үйлддэг гэсэн ойлголт бий болсон. Тэгээд өршөөлийн хуулийн сургаар айдаст автдаг. Харин бодит судалгаагаар нийт суллагдагсдын 6 хүрэхгүй хувь нь дахин гэмт хэрэг үйлдсэн байдаг. 3000 орчим хүмүүжигч суллагдахад 2800 орчим нь нийгэмшиж гэр бүлтэйгээ сайхан амьдрах нь энэ хуулийн зорилго. Тиймээс сөрөг ойлголтыг үгүйсгэх хэрэгтэй. Түүнчлэн хууль гарахтай холбоотойгоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр ажиллана. 3000 хүмүүжигчийн биечлэн эдлэх ялаас чөлөөлвөл улсын төсвөөс 12 тэрбум төгрөг хэмнэнэ. Энэ мөнгийг гэмт хэргээс урьчилан сэргийлэхэд зориулах боломжтой. Мөн өршөөлийн хуулийг авлига, албан тушаалын дуулиант хэрэгт холбогдсон хүмүүст зориулж гаргах нь гэж ярьж байна. Энэ хуульд авлигын гэмт хэргээр ял эдэлсэн нэг ч хүнийг хамруулахгүй гэсэн саналыг оруулж УИХ-ын гишүүд дийлэнх нь дэмжсэн” гэж хэллээ.
3000 хүмүүжигч өршөөгдвөл улсын төсвөөс 12 тэрбум төгрөг хэмнэнэ | ||
Үзсэн: 2019 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.