ДЭМБ зика вирусын тархалтыг зогсоохын тулд олон улс хамтран ажиллах нэгдсэн стратеги боловсруулан танилцуулж байна. Дэлхий нийтээрээ зика вирусын эсрэг онц байдлын түвшинд ажиллахад ойрын үед 56 сая америк доллар шаардлагатай байгааг ДЭМБ-аас мэдэгджээ.
Энэ хөрөнгийг ирэх зургаадугаар сар хүртэл зика вирус тархах хамгийн өндөр эрсдэлтэй улс орнуудад дэмжлэг үзүүлэх, шумуулын хяналтыг чангатгах, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах, вакцин гаргаж авах, зика вирусыг судлах зэрэгт зарцуулахаар төлөвлөж буй юм байна.
Эрдэмтэд, эмч мэргэжилтнүүд зика вирусын халдвар болон жижиг толгойтой, тархины хөгжил нь зогссон ураг төрөхөд хүргэдэг Микроцефали хоёрын дунд уялдаа холбоо байна гэж таамаглаж, үүнийг нарийвчилж тогтоохоор судалгаа хийж эхэлжээ. Зика вирус тархсан улс орнууд ялангуяа Бразил улсад хүний гар, хөл аажмаар сааждаг Гийена-Барре хам шинж илрэх тохиолдол нэмэгдэж байгаа юм байна.
Иймд ДЭМБ энэ хам шинж, микроцефали зэрэг нь хоорондоо уялдаа холбоотой байх нөхцөлд зика вирусын тархах эрсдэл улам бүр нэмэгдэх учраас урьдчилан сэргийлж ажиллах нэгдсэн стратеги боловсруулж байгаагаа мэдэгдсэн байна.
ДЭМБ энэ сарын эхээр зика вирусын эсрэг онц байдал зарлаж, зика вирусын эсрэг онц байдлын түвшинд ажиллахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгосон юм. Халуун орны бүсэд үрждэг "Эйдийс Эжип"-тай шумуулаар дамжиж халддаг зика вирус өнөөдрийн байдлаар дэлхийн 34 орон, газар нутагт, ихэвчлэн Латин Америк Карибын тэнгисийн бүсэд тархаад байна.
| Зика вирусын эсрэг дэлхий нийт зогсоход 56 сая ам.доллар шаардлагатай | ||
| Үзсэн: 405 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.