Шууд Chart

Монгол Улс “Насан туршийн боловсролын үндэсний хөтөлбөр”-тэй болно

2016-02-19 09:40:00

Хүн бүрийг мэндэлсэн цагаас нь эхлээд насан туршдаа боловсрол эзэмших боломжийг нь олгож, орчныг нь бүрдүүлэх зорилгоор олон улсын судлаачид анх удаа манайд чуулж байна. 11 улсын төлөөлөгч оролцож байгаа энэ удаагийн чуулганаар насан туршийн боловсрол олгох дэлхий нийтээр баримталж байгаа жишиг бодлогын тухай ярилцаж, зарим орны туршлагыг танилцуулан санал солилцлоо.

Монгол Улсын хувьд насанд хүрэгчдэд зориулсан боловсролын систем алдагдсан гэж манай судлаачид үзэж байна. Мэргэжлийн болон дээд сургууль төгссөн боловч гэр бүл зохиох, нийгэмд биеэ авч явах, хүүхдүүдээ хүмүүжүүлэх боловсрол муу байгаа нь анхаарал хандуулах асуудал болоод байгааг Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хэлж байна. 

Насан туршийн боловсролын үндэсний хөтөлбөрөө боловсруулж байгаа манай улсын хувьд олон улсын хэмжээнд баримталдаг бодлогод уялдуулж, хөтөлбөрөө батлах хэрэгтэй гэж олон улсын төлөөлөгчид зөвлөж байна. Тухайлбал, Ази, Номхон далайн суурь болон насанд хүрэгчдийн боловсролын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мария Алмазан Хан "Хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх, байгаль орчны тогтвортой хөгжил, иргэний боловсрол гээд бүх зүйл насан туршийн боловсролд хамаарна. Насан туршийн боловсролыг хүний эрхийн хүрээнд олгохын тулд суурь боловсролын системийг сайжруулах, олон бүлэг байгуулан түүгээрээ иргэдэд боловсрол олгох үйлчилгээг өргөнөөр нэвтрүүлэх хэрэгтэй" гэв. 

Насан туршийн боловсролыг зөв нэвтрүүлсэн улс орон маш богино хугацаанд хөгжиж, дэвждэгийн нэг илрэл нь Япон улсын туршлага. Тэгвэл Ази, Номхон далайн суурь болон насанд хүрэгчдийн боловсролын нийгэмлэгийн гишүүн Наоми Камижо "Манай Засгийн газраас 60 жилийн өмнө залуучууд болон орон нутгийнханд боловсрол олгох хөдөлгөөн өрнүүлсэн. Маш хүнд байдалд орж ядуураад байсан хөдөө аж ахуйн салбарт шинэ техник технологийг нэвтрүүлж эхэлсэн нь хүн бүрт насан туршийн боловсрол олгох бодлогын эх суурь тавигдаж байх үе юм. Одоо бид боловсролын систем, техник технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байна" гэв. 

Насан туршийн боловсрол олон улсын форумд Австрали, Герман, Энэтхэг, Индонез зэрэг 11 улсын төлөөлөгч оролцлоо. НҮБ-ын тогтвортой хөгжлийн 4 дэх зорилтын хүрээнд хүн бүрийг тэгш хамруулсан, чанартай боловсрол эзэмших уян хатан боломжийг бүрдүүлэх “Боловсрол 2030” төслийг хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан уг чуулганыг зохион байгуулж буй юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол Улс “Насан туршийн боловсролын үндэсний хөтөлбөр”-тэй болно  
Үзсэн: 1864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй