УИХ хоёр жил гаруйн өмнө Хилийн боомтын тухай хуулийг баталсан. Монгол Улсын нүүр царай болсон хилийн боомтыг нэгдсэн нэг захиргаатай, тэнд ажил үүрэг гүйцэтгэж буй төрийн дөрвөн байгууллагын алба хаагчдыг нэгдмэл зохион байгуулалттай болгох нь энэ хуулийн зорилт байсан. Нөгөө талаас хил хязгаар нутагт ажиллаж, амьдрах орчин нөхцөл, хилийн хяналт шалгалтыг сайжруулахаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй энэ хуулиар зааж өгсөн. Гэхдээ газар дээрээ хилийн боомтын нөхцөл байдал огт өөр байна.
Аль ч хилийн боомт дээр Хил хамгаалах, Гааль, Мэргэжлийн хяналт, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газар гэсэн төрийн дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Бургастайн боомтын хувьд энэ дөрвөн байгууллагын 40 гаруй төрийн албан хаагч “Алтайн хүдэр” компанийн ажилчдын гэрт байрлаж үүрэг гүйцэтгэж байна.
2009 онд Бургастайн боомт хилийн зурвастаа ойртон нүүж иржээ. Эрх биш нэг албан контор байгаа. Харин “Алтайн хүдэр” компанийн барьж өгсөн байранд төрийн албан хаагчид амьдарч, тог цахилгаан, түлээ нүүрс, ундны усаар хангах үүргийг тус компани хариуцаж байжээ. Харин дэлхийн зах зээл дээрх төмрийн хүдрийн үнэ унаснаар "Алтайн хүдэр" компани хоёрдугаар сараас үйл ажиллагаагаа түр зогсоож боомтын ажилчдын нийгмийн асуудлыг давхар хариуцах боломжгүйгээ мэдэгдсэн байна.
Аймгийн удирдлагууд Хятадын талтай ярилцаж байгаад 24 айлын нийтийн байр бариулж авчээ. Цахилгаан, халаалт дулаан, усны эх үүсвэр байхгүй тул энэ байрыг өвлийн цагт мөн л ашиглах боломжгүй юм байна. Боомтын цаана байгаа Хятадын талд байдал эсрэгээрээ. Ганцхан км-ийн наана, цаана тэнгэр, газар шиг өөр дүр харагдана. Монгол Улсын нүүр царай, үүд хаалга болсон боомтуудын ерөнхий дүр зураг бараг ижилхэн. Хоёр жилийн өмнө батлагдсан Боомтын тухай хуулиа хэрэгжүүлвэл энэ асуудал шийдэгдэх боломжтой. Махаа экспортлож, байнгын ажиллагаатай том боомт болох зорилго Бургастайн боомтынхонд байгаа. Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтоор ахлуулсан дээд байгууллага болох Боомтын зөвлөл ажлаа сайн хийхийг тэд хүсч байна. Гадаад хэргийн сайд энэ асудлаар Засгийн газарт асуудал оруулахаа мөн мэдэгдлээ.
Манай улс өмнөд хөрштэй 13 боомтоор, хойд хөрштэй 29 боомтоор холбогддог. Нийтдээ 25 орчим тэрбум төгрөг төсөвлөж чадвал эдгээр бүх боомтод тулгарч байгаа асуудлуудыг нэг мөр шийдэж чадна гэсэн тооцоог албаныхан гаргажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын Мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Бургастайн боомтын ажилчид 100 км-ээс ундны ус, түлшээ авчирдаг | ||
| Үзсэн: 589 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.