Өмнөд Каролин муж улсад болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн тэрбумтан Дональд Трамп ялсан байна. Харин Ардчилсан намын хувьд Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон өөрийн өрсөлдөгч Берни Сандерсийг ардаа орхиж чадлаа.
Тус сунгааны дараа Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж байсан Флорида мужийн захирагч асан Жеф Буш албан ёсоор өрсөлдөөнийг орхисон байна. Хэдийгээр өрсөлдөөний эхэнд түүнийг тэргүүлэх магадлалтай нэр дэвшигч гэж олон судлаач үзэж байсан ч ийнхүү хасагдсанаар Бушийн гэр бүл Америкийн төрийг дахин тэргүүлэх боломжоо алдлаа.
Хоёр ч удаа дараалсан ялалт байгуулсан Дональд Трамп "Си Би Эс" сувагт ярилцлага өгсөн байна. Тэрээр өөрийн гол өрсөлдөгч болох Техас, Флорида мужийн сенатор Тед Круз, Марко Рубио нарыг магтаад, өөрийнхөө ялалтыг баттай болсон гэж үзэхгүй байгаагаа мэдэгдсэн юм.
Энэ оны зургаадугаар сарын 18-21-ний хооронд энэ гурван нэр дэвшигчийн нэгийг Бүгд найрамдах нам өөрийн албан ёсны нэр дэвшигч гэж зарлах ёстой. Тэр болтол хэн ялалт байгуулахыг таахад хүнд байгаа юм. Харин Ардчилсан намын хувьд Хиллари Клинтон, Берни Сандерс нарын нэгийг сонгоно.
Хоёр нэр дэвшигч тун ширүүн өрсөлдсөн ч Невада мужид болсон сунгаанд тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон өөрийн өрсөлдөгчөөсөө таван хувь илүү санал авч тэргүүлсэн байна. Вермонтын сенатч Берни Сандерс өөрийн өрсөлдөгчид ялалт байгуулсанд баяр хүргээд, хэдийгээр Хиллари Клинтонтой анх өрсөлдөхөд 25 хувийн саналын зөрүүтэй эхэлж байсан ч энэ зөрүү багасч байгааг сануулсан байна. Тэрээр цаашид ялах магадлал өндөр байгаа гэдэгтээ итгэж байна гэдгээ илэрхийсэн. Ардчилсан нам өөрийн албан ёсны нэр дэвшигчээ зургаадугаар сарын 25-28-ны хооронд зарлана.
| Дональд Трамп, Хиллари Клинтон нар тэргүүллээ | ||
| Үзсэн: 417 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.