Шууд Chart

"Евровижн" хөгжмийн наадамд Украиныг төлөөлж татар дуучин оролцоно

2016-02-23 12:01:13

"Евровижн" хөгжмийн наадамд Украиныг төлөөлж Жамала гэх татар дуучин бүсгүй оролцох болсон байна. Тэрээр сэтгүүлчдэд ярихдаа Украиныг төлөөлж тус наадамд оролцох болсондоо туйлын баяртай байгаагаа илэрхийлээд, Европод Украины талаар тэдний мэдэхгүй нэгэн түүхийг ярьж өгөх болно гэжээ.

Жамала "Евровижн"-ий тайзан дээрээс Иосеф Сталины тушаалаар татар үндэстнийг үй олноор баривчлан цөлж байх үеийн талаар гунигт дууг хүргэх юм байна. Дуучин Жамалагийн жинхэнэ нэр нь Сузана Жамаладинова бөгөөд тэрээр Крым нутгаас гаралтай юм. Түүний "1944" дууны гол утга санаа нь эх орноосоо цөлөгдсөн татар иргэд галт тэргээр Алс Дорнод руу зорих үедээ эх нутгаа санан дурсаж байгаа талаар өгүүлэх аж. Түүхийн хувьд энэ цөллөгийн үеэр хэт шахцалдаантай галт тэрэг, урт аян зам, хоол хүнсний улмаас маш олон татар хүн зам зууртаа амь үрэгдсэн байдаг. Тэднийг 1980 он хүртэл Крым эх нутагтаа ирэхийг зөвшөөрдөггүй байжээ.

Хэдийгээр Украины зүгээс энэ алхам нь ямар нэгэн улс төрийн шинж чанар агуулаагүй гэж мэдэгдэж байгаа ч судлаачид ингэж үзэхгүй байна. 2014 онд Украины татар үндэстний эх нутаг болох Крымыг ОХУ өөрийн нэг хэсэг гэж зарласны дараа шинээр байгуулагдсан Оросын захиргаа татар иргэдийн эрх ашгийг зөрчиж байгаа талаарх мэдээллүүд сүүлийн үед их гарах болсон. Үүнтэй холбоотойгоор дэлхий нийтийн анхаарлыг дахин Крым нутаг дэвсгэр рүү татах гэсэн оролдлого байж болзошгүй гэж судлаачид үзэж байна.

Крымын нутаг дэвсгэрийн маргаан өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа юм. Тус бүс нутгийг 2014 онд Орос улс өөрийн нэг хэсэг гэж зарласан бол Украины тал өнөөг хүртэл тус улсын бүрэлдэхүүнд багтаан авч үздэг. Крымын татар дуучинг өөрийн нэрийн өмнөөс оролцуулж байх нь Украин тус нутгийг алдах сонирхолгүй байгаагийн тод жишээ болж байна.    

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Евровижн" хөгжмийн наадамд Украиныг төлөөлж татар дуучин оролцоно  
Үзсэн: 948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2016-02-23 13:43
Tatar gedeg chini Mongoltoi yamar ch hamaagui, turk garaltai, negen ue hyataduudtai l adil Mongol deever dor negtgegdej baisan undesten. Krim-iin tatar bol islam shashintai, slavyan bish turkuud-iig l helsen ug shuu

Бидэнтэй нэгдээрэй