Шууд Chart

Монголд танигдаагүй 100-гаад төрлийн ардын дууны цуглуулга Шведэд хадгалагдаж байна

2016-02-24 10:39:58

-Монголд танигдаагүй 100-гаад төрлийн гайхамшигт ардын дууны цуглуулга Шведийн Үндэсний номын санд хадгалагдаж байна-

XIX зууны төгсгөл, XX зууны эхээр Төв Ази, түүний дотор Монгол орноор аялж, монголчуудын ахуй амьдрал, зан заншилтай танилцан судалж явсан Шведийн алдарт аялагч-судлаач Свен Хедин,  Данийн нэрт аялагч-судлаач Хеннинг Хаслунд-Христенсен нарын цуглуулсан Монголын аж амьдралыг харуулсан фото зургууд, шашин, соёлын эд өлгийн зүйлс, ардын урлагийн бүтээлүүд өнөөг хүртэл Шведийн үндэсний номын сан, Угсаатны  зүйн музей, Данийн төв музейд хадгалагдан иржээ.

Энэ оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Монголын Соёл урлагийн их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Д.Даваасүрэн, СУИС-ийн багш, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд нар Шведийн Угсаатны зүйн музейд зочилж Шведийн Хааны нэрэмжит Шинжлэх ухааны Академийн харьяа “Свен Хэдиний сан”-ийн тэргүүн, Төв ази, Монгол судлалын мэргэжилтэн ноён Хакан Вахлкуст, Угсаатны зүйн музейн Ази-судлалын хэлтсийн дарга хатагтай Эва Мурдал нартай уулзав.

Уулзалтын үеэр Монголын хосгүй эртний өв соёлын дурсгалууд Шведийн төдийгүй Данийн үндэсний музейд хадгалагдаж байгааг дурдаад, Шведийн Дэлхийн соёлын музейн зүгээс бүх цуглуулгыг цахимжуулан эрдэмтэн судлаачдын төдийгүй олны хүртээл болгож байгаа тухай таатай мэдээг бидэнд дуулгав. Эдгээр эртний бүтээлүүдийн нэг Түвд хэлнээс Монгол рүү хөрвүүлэн улаан, хар бийр хослуулан бичсэн эртний судрыг бидэнд сонирхууллаа.

Уг судрын суурь хэсэгт  аливаа зүйлийн хорлолоос хамгаалах дөрвөн зүгийн бурхадыг амирлуулсан гайхамшигт нандин бүтээл байлаа. Иймэрхүү баринтаг бүхий судар, бичгүүд тус музейд олон байгаа бөгөөд Монголчууд энэхүү түүхэн олдворуудыг судлахад музейн зүгээс туслахад бэлэн байгаагаа ноён Хакан илэрхийллээ.

Мөн Шведийн Төв номын санд 100-гаад төрлийн Монгол ардын дуунуудыг дижитал хэлбэрт оруулан цахимжуулах ажил хийгдэж байгаа бөгөөд энэхүү дууны цуглуулгын дээжээс Монголын төлөөлөгчид гардуулж өглөө.

Дуу гэдэг бол уянгын төрлийн бие даасан хэлбэр агаад амьдрал, тэмцлийн өөдрөг үзэл санааг агуулахын зэрэгцээ тухайн хүмүүний хүсэл мөрөөдөл, баяр баясгалан, ертөнцийг үзэх үзлийг яруу сайхнаар илэрхийлэгч онцгой урлаг билээ. 20 дугаар зуунд хүн төрөлхтний олж нээсэн нэгэн гайхамшиг бол сүүдэр ший буюу кино урлаг. Үүн шиг 19 дүгээр зуунд монголчуудын олж нээсэн нэгэн гайхамшиг бол ардын дуу юм. Монгол ардын дуу нь түүхэн, аж байдлын, ардын, хошин шог, уянгын, хайр сэтгэлийн, гүн ухааны, сургаалын, найрын гэх зэрэг олон төрлөөр хөгжиж ирсэн байх бөгөөд анхандаа хэсэгхэн хүний оюун сэтгэлийн илэрхийлэл болон бүтээгдэж ам дамжин дуулагдсаар яваандаа үг, аялгуу нь улам гүнзгийрэн боловсорч, эдүгээ бидэнд гайхамшигт содон бүтээл болж уламжлагдан иржээ.

Ийнхүү уламжлагдан ирсэн хосгүй, Монголд танигдаагүй 100-гаад төрлийн гайхамшигт ардын дууны цуглуулга Шведийн Үндэсний номын санд хадгалагдаж байгаад төр засгийн зүгээс анхаарал хандуулан, соёлын өвийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээнд хоёр орны хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу.


Монголд танигдаагүй 100-гаад төрлийн ардын дууны цуглуулга Шведэд хадгалагдаж байна  
Үзсэн: 2932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.37.xxx [182.160.37.xxx] 2016-02-25 12:41
Yostoi chuhal yum bna daa...

Бидэнтэй нэгдээрэй