Шууд Chart

Г.Майцэцэг: Хүн яаж ч тэрсэлсэн төр бүхний дээр байдаг гэдгийг ойлгосон

2016-02-29 10:37:16

"Редакцийн зочин" буландаа үндэсний үйлдвэрлэгч Г.Майцэцэгийг  урьж ярилцлаа.  Түүнийг уншигчид “Exclusive компанийн захирал гэдгээр нь мэднэ. Бидний ярилцлага Монгол дахь бизнесийн орчин, үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамддаг асуудлын хүрээнд өрнөлөө.        

-Ерөнхий сайдтай уулзсан уулзалтаас үр дүн гараагүй-

- Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын дараа танай компанийн болон таны ярьж байсан татварын системд ямар нэг өөрчлөлт орсон уу. Энэ асуултаар ярилцлагаа эхлэе?

-Тухайн үед Ерөнхий сайд намайг хүлээж авахад би их баярласан. Яагаад гэхээр энэ бол дан ганц “Exclusive” компани болон Г.Майцэцэг гэдэг хүүхний асуудал биш. Тухайн үед над шиг маш олон хүн байсан. Би зүгээр л тэр олон үйлдвэр, хүмүүсийн нэг төлөөлөл нь. Монголд яагаад үйлдвэрүүд томордоггүй, татварын дарамт хэр байдгийг ил гаргаж хэлсэн  хүн нь л би. Ерөнхий сайд ч гэсэн ганц компанийн төлөө уулзаагүй байх. Харамсалтай нь манай хууль өөрөө их хэцүү юм л даа. Урд нь би хэн нэг хүнийг буруутгаж ярьж байсан бол өнөөдөр их юмыг ойлгож байна л даа. Тэр нь юу гэхээр өнөөдөр манай систем өөрөө буруу юм байна. Тэр татварт ажиллаж байсан хүмүүс ч гэсэн ажлаа л хийж байсан хүмүүс.  Хууль нь л тийм. Ямар сайндаа л Ерөнхий сайдын өрөөнөөс гараад татварынхан хуулиа мэдэхгүй Ерөнхий сайд гэж ярьж байх жишээтэй. Шударгаар хэлэхэд, тэр уулзалтын дараа хүмүүс “Exclusive” гэдэг үндэсний үйлдвэрлэгч байдаг юм байна гэдгийг сайн, муу аль алиар нь мэддэг болсон.

-Товчхондоо бол Ерөнхий сайдтай хийсэн уулзалт төдийлөн тустай байгаагүй гэж ойлголоо. Зөв үү?

-Хэрэв манай компанийн дансыг нээсэн бол энэ нь миний хувьд маш том гавьяа байх байлаа гэж хэлмээр байна. Уг нь Ерөнхий сайд дансыг нь нээж өг гэж хэлсэн. Гэтэл тэндээс гараад ярьж байгаа зүйл нь өөр. Ерөнхий сайдын үгэнд ороод аж ахуйн нэгжүүдээ бодохоор бид хуулиа зөрчих гээд байна гэж байгаа юм. Манай улсын хувьд хямралаас гарах ганц арга бол үйлдвэрлэлээ хөгжүүлэх. Ялангуяа хөнгөн үйлдвэрлэл. Хөнгөн үйлдвэрлэл бол маш олон хүнийг ажлын байртай болгодог. Тэр дундаа эмэгтэйчүүдийг ажилтай, орлоготой болгодог. Мөн гадагшаа урсах маш том мөнгөн урсгалыг хаадаг.

Одоо би өөрийгөө хангалттай сайн эхлүүлсэн гэж боддог. Харин миний эхлүүлсэн ажлыг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийг дэмжих их олон л төрийн болон төрийн бус байгууллага байдаг. Худалдаа аж үйлдвэрийн танхим, Баялаг бүтээгчдийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо гээд өчнөөн л олон газар бий. Тэд яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ.

-Одоо танай компанийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа юу. Зарлагын дансыг чинь нээсэн үү?

-Үйл ажиллагаа маань хэвийн байна. Данс нээгээгүй. Татварынхан орлогыг нь хаагаагүй зарлагыг нь л хаасан шүү дээ гээд байдаг. Гэхдээ энэ бол бидэнд яг адилхан. Ингэж хязгаарлалт хийлгэсэн компанитай ямар ч аж ахуйн нэгж байгууллага хамтран ажиллахгүй.

-Татварт төлөх ёстой 174 сая төгрөгийн өр хэвээрээ байгаа юу?

-Тэрнээсээ зохих хэмжээгээр төлөөд л явж байгаа. Хамгийн гол нь боломж олгохгүй байгаад л бачимдаад байна. Хүн өртэй байж болно. Өртэй байна гэдэг чинь тийм муу зүйл биш. Дансыг нь хаана гэдэг бол бизнесийнхний хувьд ертөнцөөс тусгаарласан гэсэн үг. Манай компани ч гэсэн хоёр жил гаруйн хугацаанд гадагшаа харьцах ямар ч боломжгүй болсон. Ингээд л ярихаар яах аргагүй систем, бодлого буруу байгаа талаар ярих болоод байгаа юм. Би зөвхөн өөрийнхөө төлөө ингэж яваагүй. Хэрэв би зөвхөн өөрийгөө бодсон бол ингэж үйлдвэрлэл явуулах гэж зүтгэх шаардлага байгаа ч юм уу. Зарим хүн намайг тэнэг л гэдэг юм.  

-Та Ерөнхий сайдтай уулзсаныхаа дараа хэвлэлийн хурал хийгээд түүнийг огцрох хэрэгтэй гэж ярьж байсан?   

-Уг нь би Ерөнхий сайдыг өмөөрч тэр хэвлэлийн хурлыг хийсэн. Гэхдээ агуулга нь мушгигдчихсан. Тэр хүн ч гэсэн буруугаар ойлгосон байх. Яагаад гэхээр Ерөнхий сайдад ямар ч эрх мэдэл байхгүй, юу ч хийж чадахгүй л байгаа байхгүй юу. Тэр хүн мянга зүтгээд боломжийг нь олгохгүй байхад яах юм бэ. Тийм нөхцөлд зүгээр байраа тавиад өгчихсөн нь дээр юм болов уу гэж хувь хүнийхээ бодлыг хэлчихсэн юм.

-Ингэхэд та яагаад бүтээгдэхүүнээ үнэгүй тараана гэсэн яриа гаргасан юм бэ. Би бодохдоо эсэргүүцлээ илэрхийлж байгаа нэг хэлбэр гэж ойлгосон?

-Ер нь бол тийм. Тэрний өмнө надад хүний нэр төрд халдсан гээд эрүү үүсгэчихсэн байж байгаад ажилчдынхаа батлан даалтад гарсан. Яг тэр үед ажилчид маань нэг л өглөө хаяад явчихсан. Гэхдээ би тэд нарыг буруутгадаггүй юм. Итгэл нь алдарсан байх л гэж боддог. Тухайн үед МСҮТ-үүдээс авчирсан хэдэн шинэ хүүхдүүд л байсан. Монголд ирээд зургаа, долоон жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа би ажилчдынхаа төлөө үнэхээр их явсан /уйлав/. Тэгээд л би үнэхээр ингэж үйлдвэрлэл явуулах хэрэг байна уу гэж бодсон. Ажилчид гэдэг хамгийн гол зүйл. Бүтэн зургаан жилийн турш хамт байсан хүмүүс нэг л өглөө нүүр буруулна гэдэг бол надад хамгийн сүүлчийн цохилт болсон. Тэгээд л больё гэж шийдсэн. 2009 оноос хойш “Exclusive” брэнд үйл ажиллагаагаа явуулж  байхад Монголчууд л худалдан авч, хөрөнгө оруулалт  хийж байсан шүү дээ. Тийм учраас биднийг дэмжиж байсан “Exclusive” брэндийн хэрэглэгчдэд бараагаа үнэгүй тараагаад үйлдвэрлэлээ зогсооё гэж шийдсэн юм.

Энэ талаараа өөрийнхөө пэйж дээр бичсэн. Гэтэл Монголд сошиал ямар хөгжчихсөн юм бэ, тэр дороо л тарчихсан. Өглөө нь очоод би бүр шоконд орсон. Уг нь тэр өдөр би бүх үйл ажиллагаагаа төлөвлөчихсөн байсан. Дуучин А.Хишигдалай, С.Зоригт хоёроор хөтлүүлнэ гээд хувцсыг нь хүртэл бэлдчихсэн байсан. Тэр үйл ажиллагаанд өнгөрсөн бүх хугацаанд манайхаар үйлчлүүлж байсан Р.Анхнямаас эхлээд бүх одод ирээд сэтгэлийн үгээ хэлнэ гээд тайзаа хүртэл бэлдчихсэн байсан юм. Юу гэж төлөвлөсөн байсан гэхээр нэг бүтээгдэхүүн авсан хүнд нэг жижиг куртка өгнө. Нэг хүнд ер нь гурваас илүү бүтээгдэхүүн өгөхгүй гэж ажилчиддаа хэлсэн байсан. Өглөө нь ирээд олон хүн ирчихсэн байхаар нь за нэг хүнд нэг л бүтээгдэхүүн өгье гэж шийдсэн. Манайд 4200 ширхэг бүтээгдэхүүн л байсан юм. Зарим хүн тэр үед Чингис  бондоос зээл авчихаад одоо ингээд үйл ажиллагаагаа зогсоож байна гэх мэтээр бас ярьж л байсан. Үнэндээ  “Exclusive” брэнд бол Чингис бондоос өмнө босоод, үйл ажиллагаа нь тогтворжсон байсан.

Би Чингис бондоос 2013 оны 10 дугаар сард зээл аваад 2014 оны гуравдугаар сард дансаа хаалгуулсан. Төр дэмжсэн юм бол эргээд түүнийхээ үр дүнг нь гаргах ёстой. Би зээл авсныхаа маргаашнаас л 750 сая төгрөгийн зээл авсан гэдгээ нээлттэй хэлсэн. Тухайн үед Чингис бондын санхүүжилтээс өмнө 520, 480 мянган төгрөгөөр гардаг байсан куртка зээлийн санхүүжилтийн дараа 100 гаруй мянган төгрөг болж чадсан. Энэ бол бодит хөрөнгө оруулалт, үр дүн.  

-Тэгээд хэтэрхий олон хүн ирсэн байхаар нь тэднийг тараасан юм уу?

-Тэнд замбараагүй байдал үүсч эхлэх үед би гадаа гарч цагаан хоолойгоор тэр хүмүүсээс уучлал хүссэн. Яагаад гэвэл “Номин”-гийн зургаан давхарт байгаа олон түрээслэгч нарын тэр өдрийн орлогыг нь би хаах болсон. Тэнд над шиг олон түрээслэгч байдаг. Тэнд бас гадны түрээслэгчид  ч байсан. Тэд нар чинь эргээд гэрээнийхээ дагуу “Номин”г эрсдэлд оруулах байхгүй юу. “Номин” эхний 150 хүнийг оруулсан. Тэгэхэд л тэнд үнэхээр аймар юм болсон. Хүмүүс чинь зүгээр ч хувцсаа авахгүй оёдолчдыг маань алгадаад л, хажуу лангуун дээрх бүтээгдэхүүнээс булааж авах гэж дайраад л. Тэр бүх бичлэг надад байгаа. Цаг нь болохоор гаргана. Би тухайн үед буруу зүйл хийсэн гэж боддог. Тийм их хүн ирнэ ч гэж үнэхээр бодоогүй л дээ.

-Үүний дараа та “Монголчууд оюуны хоосролд оржээ” гэсэн пост бичсэн байсан. Ер нь бол таны нэр хүнд түүнээс хойш унасан байх. Яагаад гэхээр Г.Майцэцэг зүгээр шоу хийж байжээ гэж олон хүн харсан. Үнэнийг  хэлэхэд би ч гэсэн тэгж ойлгосон. Энэ талаараа яагаад тайлбарлаагүй юм бэ?

-Юуг нь ч тайлбарлах вэ дээ.  Замбараагүй байвал үүссэн учир гадаа гарч тэр хүмүүстэй уулзсан. Тэнд “Exclusive”-ийг дэмжиж ирсэн хүмүүс байгаагүй. Зөвхөн үнэгүй хувцас авах гэж ирсэн хүмүүс л байсан. Би гадаа гараад хүмүүст нөхцөл байдлаа хэлээд, буруу зүйл хийсэн байна гэж уучлал хүсээд одоо тарцгаа гэхэд хүмүүс “Чи муу худалч хүүхэн. Үнэгүй бараа тараана гээ биз дээ” гэж байгаа юм. Тэгээд яагаад үнэгүй бараа тараана гэснийг мэдэх үү гэхээр тэр надад хамаагүй гээд л дайрч байгаа юм. Тэр үед би манайхан үнэхээр оюуны ядууралд оржээ гэж бодсон. Яг тэр өдөр талбай дээр “Номын баяр” болоход тэнд хов хоосон байсан. Тэгээд л тийм пост бичсэн юм.

Гэхдээ би хэлсэн амандаа хүрч таван аймгаар явсан.  Би баяндаа тараагаагүй, миний сэтгэл, тэмцлийн нэг хэлбэр учраас бүтээгдэхүүн маань хэрэгтэй хүмүүстээ очоосой гэж бодсон юм. Тэгээд асрамжийн газар, ахмад настай хүмүүс, цэцэрлэгүүдэд бүтээгдэхүүнээ тараасан. Сүүлд Чингэлтэй дүүрэгт Г.Уянга гишүүнтэй хамтарч 15 хорооны 4250 иргэнд “Exclusive”-ийн бүтээгдэхүүнээ бэлэглэсэн.

-Яагаад буцаад үйлдвэрлэлээ явуулахаар шийдсэн юм?

-Тухайн үед над руу маш олон хүн утсаар ярьж итгэл, урам зориг өгсөн. Одоо танай сайтаар дамжуулж намайг дэмжиж урамшуулж байсан бүх хүмүүст баярлалаа гэж хэлье.  Тэр хүмүүсийн ачаар би үйлдвэрээ хааж болохгүй юм байна, харин ч бүр илүү ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгосон.

-Би улс төрч биш, үйлдвэрлэгч хүн-

-Таныг нам бус иргэдийн чуулганд оролцож байхыг харсан. Та “Жудагт Монгол” хөдөлгөөнд нэгдсэн юм уу?

-Би “Жудагт Монгол” хөдөлгөөнд очих ёстой юм болов уу гэж бодоод очсон. Бид нар твиттер, фэйсбүүкээр өчнөөн л ярьж бичдэг, лайк дардаг. Хоосон лайкаар яах юм бэ. Тэр “Жудагт Монгол” хөдөлгөөний чуулган болсон өдөр Цагаан сарын дараагийн нэг дэх өдөр байсан. Манай компанийн ажилчид өглөө ирж золгочихоод бүгд тэр хуралд очсон. Тэр хурлаас би Монгол Улс тэр чигээрээ хүлээлттэй болчихсон байна гэдгийг л харсан. Тэр нь юу гэхээр өөрчлөлтийг маш ихээр хүсч байна. Тэр чуулганд яг ид бүтээн босголтыг хийж байсан Аж үйлдвэрийн сайд асан Ц.Туваан гуайгаас эхлээд хийж бүтээсэн, ярих хэлэх зүйлтэй ахмадууд их байсан болохоор очих ёстой, сонсох ёстой гэж бодсон.

-Тэр чуулганаас болсон ч юм уу, таныг улс төрд орно гэсэн яриа гарсан?

-Монголчууд өнөөдөр улстөржихөө л больчих ёстой байхгүй юу. Хүн нэг юм ярихаар л “Өө энэ улстөрд орох гэж байна” гэдэг. Намайг ч гэсэн хүмүүс тэгж л байсан. Уучлаарай, би улс төрч хүн биш. Би зөвхөн үйлдвэрлэгч хүн. Улс төрд оръё ч гэж боддоггүй. Хамгийн гол нь үйлдвэрлэгч хүнийг тэмцэгч болгочихож байгаа юм. Би зөвхөн улс төрд зөв хүн байх ёстой л гэж боддог. Бодлого тодорхойлно гэдэг бол хамгийн чухал. Урд нь би энэ талаар огт боддоггүй байсан. Надад ойлголт ч байгаагүй. Хүн ажлаа л хийх ёстой гэж боддог байлаа. Урд нь гэдэг маань би Польш, Хятадад үйлдвэртэй байснаа хэлж байна л даа. Тэнд бол ямар нам байх нь надад огт хамаагүй. 2008 оны үед Европт эдийн засгийн хямрал нүүрлэж байх үед би Польш улсад 20 гаруй хүнтэй үйлдвэрээ хаагаад тэр  хүмүүсийг ажилгүйчүүдийн эгнээнд оруулж байлаа ш дээ. Тэгэхэд миний зүрх нэг их өвдөөгүй. Яагаад гэхээр би гадны хүн байхгүй юу. Ер нь бол гадны хүн гэдэг гадны л хүн байдаг юм. Харин би Монголд бол компаниа хаалгачихгүй юмсан. Нэг ч гэсэн хүнийг ажилтай болгочих юмсан гээд л хичээгээд байна. Үйлдвэрлэгчид хамгийн эх оронч хүмүүс байдаг. Энгийнээр бодоход өнөөдөр би 30 гаруй хүнтэй ажиллаад өдөрт ядаж 50 ширхэг куртка гаргачих юмсан гээд л ажиллаж байна. Хэрэв би зүгээр бизнесээ бодсон бол Хятадад хамгийн хямд куртка хийлгэж ирээд л энэ олон сүлжээ дэлгүүрүүдээр тараагаад борлуулахад асуудал биш шүү дээ. Хамгийн гол нь би хэзээ ч ашгийн төлөө явж байгаагүй.

-Та улс төрийн аль нэг намыг дэмждэг үү?

-Би бол нам бус. Аль ч намыг дэмждэггүй. Нам надад ерөөсөө хамаагүй. Тэртээ, тэргүй миний үйлдвэрлэсэн хувцсыг нам, шашин шүтлэг, нас хүйс харгалзахгүй авдаг болохоор би тэд нараас хараат биш.  

-Таныг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай холбоотой гэж ярьдаг байсан. Энэ үнэн үү?  

-Би Шинэчлэлийн Засгийн газрыг маш их дэмждэг байсан. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн байсан Н.Алтанхуяг, Х.Баттулга сайд нарын хүсч байсан зорилгыг би биелүүлсэн гэж боддог.  Яагаад гэхээр тухайн үед 2010 онд Монгол брэнд гэж хүмүүс бараг ярьдаггүй байсан. Манай оёдлын салбар бол ажлын хувцаснаас хэтэрдэггүй байсан. Харин би анх Чингис бондоос мөнгө зээлээд үйлдвэрлэлээ хөгжүүлж болно гэдгийг харуулсан. Одоо бол “Urban” жинсээс эхлээд маш олон үндэсний брэнд үйлдвэрлэгчид гарч ирсэн. Энэ бол бодит үр дүн. Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ажлын үр дүн гараад л явж байна.

-Та Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахгүй гэж мэдээлэл хийж байсан санагдаж байна. Тэр хүнийг их л дэмжиж байж дээ?

-Би Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас битгий огцроосой л гэж хүсч байсан. Тухайн үед хүмүүс янз бүрээр гуйвуулаад л захиалгаар хийж байна гэх мэтээр ярьж л байсан. Үнэндээ бол тийм зүйл байхгүй. Өнөөдөр Ерөнхий сайд солигдсоноор юу өөрчлөгдсөн юм бэ. Юу ч өөрчлөгдөөгүй. Харин ч бүр дордсон.

-Энд тэнд болж байгаа хөдөлгөөнүүдийг их дэмжиж харагддаг. Яагаад заавал иргэний нийгмийн хөдөлгөөнүүдийг дэмждэг юм бэ?

- Анх манай үйлдвэрийг байгуулагдсаны дараа Ховдод зуд болоход тухайн үеийн ханшаар хоёр сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүнийг н.Янсанжав гуайгаар дамжуулаад өгч байсан. Яг тухайн үед “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ныхон гээд өлсгөлөн зарлаж байхад нь бид нар дулаан куртика аваачаад л өгч байлаа. “Ээж бүхний дуу хоолой” гээд хөдөлгөөн өрнөж байхад гадаа зогсож байгаа хүмүүст дулаан малгай, “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ийнхөн өвөл гадаа өлсгөлөн зарлаж байхад тэмээний ноосоор хийсэн зузаан матрас аваачиж өгч л байлаа. Бид нар бол энэ хүмүүстэй нийлээд тэмцээд явж чадахгүй ш дээ. Тэгэхээр хүн зөв гэж бодсон зүйлээ  чаддаг ажлаа хийж, түүгээрээ дэмжих ёстой.

Хүн ер нь ажилтай орлоготой байх юм бол тэнд аль нам байх нь хамаагүй ш дээ. Мөрөөрөө ажлаа хийгээд л явна.

- Г.Уянга гишүүнтэй хэзээнээс холбоотой болсон юм бэ?

 -Г.Уянга гишүүн намайг үйлдвэрээ хаана гэж шийдсэн байсан үед залгасан юм. Сэтгэлээсээ их сайхан хандсан. Би ер нь эмэгтэй гишүүдээ дэмжинэ. Бүгдийг нь сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ хувь хүнийх нь үүднээс Г.Уянга, С.Одонтуяа нарыг бол дэмжинэ. Дуучин Нараг ч гэсэн.

-Та дуучин Нараг улс төрд орохыг дэмжиж байгаа юм уу?

-Яагаад болохгүй гэж. Эмэгтэй хүний ухаан гэдэг ер нь эрчүүдээс илүү юм болов уу гэж боддог. Түүхээ харахад ч гэсэн тийм шүү дээ. Ер нь эмэгтэй хүний торгон мэдрэмж, ухаан гэдэг чинь эрчүүдээ залж явдаг байх.

-Тэгвэл одоо УИХ-ын эмэгтэй гишүүд тэгж ажиллаж чадаж байна уу?

-Эмэгтэй хүнийг янз бүрээр хэлж мохоох, хэл аманд оруулах амархан юм байна. Л.Эрдэнэчимэг гишүүнийг элдэв янзаар л хэлэх юм. Монголчууд бид уг нь эвтэй байвал хүчтэй ард түмэн шүү дээ.

-Бид сүүлийн 20 жил Хятадыг маш сайн хөгжүүллээ-  

-Өнөөдөр манай улсад хөнгөн үйлдвэрийн салбар нэг үеийг бодвол өсч байгаа ч уналттай л байна. ШУТИС-д хөнгөн үйлдвэрлэлийн мэргэжлээр дөрвөн жил сурч төгссөн хүн зочид буудалд ресепшин хийж байгааг би мэдэх юм?   

-Мэдээж үйлдвэрлэлд санхүүгийн дэмжлэг бол маш чухал. Гэхдээ тэрнээс илүү орчин нь чухал. Тэр орчинг харин бодлогоор л бүрдүүлэх ёстой. Харин бодлого боловсруулахад мэргэжилтэй, чадвартай боловсон хүчин чухал. Харин яамны мэргэжилтнүүд дөрөв,  дөрвөн жилийн зайтай ингээд солигдоод байхад хэдийд нь тийм чадварлаг хүмүүс ажиллаж, үр дүн нь гарах юм бэ. Би сүүлийн хэдэн жил МСҮТ-ийг хөгжүүлэх гэж үнэхээр хичээж байна. Мэдээж би тэгтлээ баяжсан хүн биш. Гэхдээ үйлдвэрлэлийг илүү хөгжүүлэхийн тулд залуу боловсон хүчнээ илүү дэмжих ёстой. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед  Я.Санжмятав Хөдөлмөрийн сайд байсан. Тэр үед МСҮТ-үүдийг хариуцдаг н.Жадамбаа гээд залуу байсан юм. Тэр хүнтэй хоёр жил гаруй ярилцаж, ажиллаад л ийм байвал хүүхдүүдээ илүү сурна, тийм байх ёстой гээд л яг сайхан ойлголцоод ажлаа эхлүүлэх гэж байтал нэг өглөө н.Жадамбаа утсаар яриад “Уучлаарай, би ажлаа хүлээлгэж өгсөн. Энэ хүнтэй яриарай” гээд өөр хүний утасны дугаар өгч байгаа юм. Ийм байдлаас бид нар хүртэл залхаад байгаа байхгүй юу.  

Би сүүлд таван аймгийн 10 гаруй МСҮТ-үүдээр явж үзсэн. Бидэнд боломж байна. Манай үйлдвэрт Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод гээд таван аймгаас ирсэн хүүхдүүд ажиллаж байгаа. Тэр хүүхдүүдэд бол бүгдийг нь л шинээр зааж өгч байгаа. Үйлдвэрийнхээ ажилчдын 80 хувийг дотуур байраар хангадаг. Энэ бол үнэхээр өөрчлөлтийг хүсч байгаа хүний л ажил биз дээ. Би ажлаа л сайн хийх ёстой. Түүнээс уриа лоозон бариад алхаад нэмэргүй шүү дээ.

Польш улсад үйлдвэр МСҮТ төгссөн оюутнуудыг ажилд авахад улсаас эхний нэг жил нь цалинг нь төлөөд, гурван жил даатгалыг нь төлдөг. Яагаад гэвэл тэр үйлдвэр эрсдлээ даагаад шинэ ажилчдыг авч байгаа нь ажилчдад хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд ч нөгөө талаасаа мэргэжилтэй боловсон хүчнүүдээ тэгж дэмжиж байдаг. Монголд тийм зүйл байхгүй. Бодлого гэдэг чинь энэ л байхгүй юу.

-Таныг ингэж татварын системийн талаар ярьж эхэлснээс хойш яг ийм асуудалтай байгаа үйлдвэрлэгчид хандсан уу. Та ганцаараа дуугарч байхаар хамтраад дуугарч болоогүй юм уу?

-Тэр үед маш олон аж ахуйн нэгжүүд надад хандсан. Гэхдээ манайхан бүгд л айдастай байдаг юм байна лээ. Манай нэг найз хүртэл “Чингис бондоос зээл авлаа гэж зарлаад л ёстой тэнэг хүн юм аа” гэж байсан. Би бол зарлах ёстой гэж бодсон. Энэ хэдийгээр би өөрийнхөө хөрөнгөөр барьцаалж авсан зээл ч гэсэн маш олоон хүнд урам өгөх ёстой байхгүй юу. Яагаад гэхээр гадаадад байгаа иргэд Монголд ирээд хөлөө олоход хэцүү, танил талгүй л бол ажил бүтэхгүй гэж боддог. Би ч гэсэн тэгж боддог байсан. Гэтэл тийм биш, хүн ажлаа хийж хичээж л байвал болно гэдгийг ойлгоосой гэж хүссэн. Чингис бондоос зээл авсны бүр дараа Ерөнхий сайд намайг Хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих орон тооны бус зөвлөх хүртэл болгосон. Хүн өөрөө л хичээвэл болно.

Өнөөдөр би үйлдвэрлэгчид ингэж босож болдог юм шүү гэдгийг харуулж чадсан. Хүсэх юм бол Монголд үйлдвэрлэл эрхлээд брэндийг бий болгож болно шүү гэдгийг бас харуулсан.

.-Тантай санал нэг, үнэхээр системийг өөрчлөх ёстой гэж боддог маш олон хүн байгаа байх л даа. Зүгээр л ингээд бүгдээрээ яриад суух юм уу. Үнэхээр тэр болохгүй байгаа татварын системийг эрүүл болгох гарцыг нь хэн гаргаж, хэн түүнийг нь хийх ёстой юм бэ?

-Уг нь бол үүнийг хийж, хэрэгжүүлэх ёстой гээд цалин аваад сууж байгаа хүмүүс бий. Хамгийн гол нь сонсох ёстой хүмүүсээ сонсохгүй байна уу л гэж боддог. Манайд өчнөөн л чуулган зөвлөгөөн болдог. Тэнд очихоор бидний дуу хоолой, саналыг сонсож, болохгүй байгаа зүйлийн талаар сонсохоос илүүтэй өөрсдөө л ярина.

-Та Хан-Уул дүүргийн татварын албанаас цагаан хадаг барьж очоод уучлалт гуйсан гэж сонссон?

-Тэгсэн. Би сүүлд нь хүн яаж ч тэрсэлсэн төр бүхний дээр байдаг гэдгийг ойлгосон л доо.  Хүн хүндэтгэсэн хүндээ цагаан хадаг барьдаг юм байна лээ. Би Бадам гуайд цагаан хадаг барьдаг маань төрөө хүндэлсний илрэл юм л даа. Түүнээс хувь хүн гэдэг талаас нь бодоогүй. Ер нь бол төр, хувийн хэвшил хоёр бие биенээ ойлгож дэмжиж байж л илүү амжилтад хүрнэ.

Би Хятадад анх үйлдвэрээ нээхдээ Хөдөлмөрийн яаман дээр нь очоод “Би танайд үйлдвэрээ нээж 100-аад хүн ажиллуулах гэсэн юм. Ямар татвар төлөх вэ” гэж асуухгүй юу. Тэгсэн нөгөө хүмүүс нь гайхаад манай улсын ажилчдад цалингаа л өг, таван жил бид таниас татвар авахгүй гэсэн. Монголд бол эсрэгээрээ, тамга тэмдгээ авсан л бол маргаашнаас нь татвар төлж эхэлдэг.

Би Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулахдаа ч татвар төлөхгүй. Яагаад гэвэл тэнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна шүү дээ. Харин гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүнд өндөр татвар тавьдаг.

 Би өөр хэд хэдэн улсад үйлдвэрлэл эрхлээд үзчихсэн болохоор ийм байх ёстой гээд л тэрнийхээ төлөө зүтгэчихсэн байх л даа. Энэ бүх болохгүй байгаа бизнесийн орчинг зөв голдрилд нь оруулж өөрчлөх ажлыг бид эхлүүлэх ёстой.  

-Манайд үйлдвэрлэл эрхлэхэд анзаарагддаг нэг зүйл нь тухайн үйлдвэрлэл эрхлэгч өөрөө бүх зүйлээ хийдэг. Нэг үгээр, бараг супер бизнесмэн л болох шаардлагатай болдог юм шиг харагддаг?

-Анх 2008 онд Монголд ирээд үйлдвэрээ нээж байхдаа бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд өөрсдөө худалдаална гэдэг ойлголтгүй байсан. Монголд борлуулагч нар дотоодын үйлдвэрлэгчдээс бүтээгдэхүүнээ аваад борлуулдаг тийм зүйл байхгүй. Тийм учраас би брэнд гаргаж тоглохоос өөр арга байгаагүй. Тэгээд л би Монголд “Exclusive” брэндийг би болгож, өөрөө өөртөө захиалга өгч, өөрсдөө гаргаж ирсэн юм. Монголчууд бол өнөөдөр үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг хүсэлтэй болсон. Ийм суурь байна гэдэг бол маш том зүйл. Өнөөдөр бид үйлдвэрлэлдээ 20 хувь анхаарал хандуулж, борлуулалтандаа 80 хувь анхаардаг. Энд салбар нээнэ, тэнд худалдагчийн цалин гээд л. Харин үүний оронд “Exclusive” брэндийг захиалж хийлгэдэг, борлуулдаг тусдаа борлуулагчид байвал бид зөвхөн үйлдвэрлэлдээ анхаарна, түүнийгээ илүү сайжруулна.

-Эдийн засгийн өршөөлийн хуулиар 34 их наяд төгрөг ил боллоо. Энэ хууль ер нь таны бодлоор хэр зөв бэ?  

-Эдийн засгийн өршөөлийн хууль гээд яриад л байна. Энэ бид нарт ямар ч хүртээлгүй л байгаа юм. Яагаад гэхээр би татварын маргаангүй, нуусан хөрөнгө байхгүй хүн шүү дээ. Манайд торгууль, акт тавьсан нь НӨАТ-ын асуудал. Тодорхой хэлбэл, би нэг хүнээс даавуу худалдаж авахдаа НӨАТ авсан. Харин хоёр жилийн дараа татварынхан тэр НӨАТ-ыг хуурамч байна гээд акт тавьсан. Тэрийг нь би тухайн үедээ ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй “Би НӨАТ-ын падаан үйлдвэрлээгүй” гээд л зүтгээд байсан хүн. Сүүлд нь бол эд нарт тайлбарлаад ойлгохгүй юм байна. Систем нь ийм юм байна. Та нар актаа тавь, би төлнө өө гээд л гарын үсэг зурсан. Бүтэн хоёр жилийн дараа татвараас тэгж акт тавихаараа ч яадаг юм. Тэгээд манайд НӨАТ бичиж өгсөн компанитай асуудал ярьж байгаа юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй байна. Гэхдээ энэ бүхнийг даваад л гарна, цаг хугацааны л асуудал.

Татварын өршөөлийн хууль нэг талдаа бас их буруу ойлголтыг өгч байгаа юм шиг санагдсан. Манай компани шиг байдалтай олон аж ахуйн нэгж байгаа байх. Тэд ажилласаар байгаад өрөнд орчихоод акт тавиулсан бол өршөөгдөх боломжгүй. Харин нуучихсан байсан бол өршөөгдөнө.  

-Таны ойрын зорилго юу байна?

-Яг ойрын зорилго гэвэл АСЕМ-ын уулзалтын үеэр манайд айлчлах бусад улсын төр засгийн тэргүүнүүдэд Монгол хувцас өмсгөх юмсан гэж бодож байна. Их долоогийн уулзалтын үеэр бүх орны Ерөнхийлөгч Хятадын үндэсний хувцсыг өмссөн шүү дээ. Түүн шиг Хүннүгийн үеийн ч юм уу, түүхийг илэрхийлсэн, загварлаг, материал сайтай үндэсний хувцсыг өөр орны төр засгийн тэргүүнүүд өмсөөд тэр зураг нь дэлхий даяар тарна шүү дээ. Энэ бол түүх болж үлдэнэ. Үүнийг нь харин үйлдвэрлэл эрхлэгч бүх хүмүүс л хийнэ. Залуучуудаас эхлээд гэртээ дээл оёод суудаг хүмүүс хүртэл оролцоно. Тэр хэрээр үйлдвэрлэгчид маань орлоготой болно.

Энэ саналаа АСЕМ-ыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч П.Цагаан даргад хэлсэн чинь өөр хүмүүст хэл гэсэн. Одоо ажлын хэсэгтэй нь холбогдоно гэж бодож байна. Энэ гэхдээ надад үлдэх зүйл биш шүү дээ. Монголын нэр хүнд л яригдах асуудал.  

-Сүүлчийн асуултыг нээлттэй үлдээе. Би асуугаагүй, танд хэлэхийг хүссэн зүйл байгаа байх?

-Хүн нэг л амьдарна. Яг ингээд бодоод үзэхээр хүний хэрэгцээ бол маш бага. Нэг биенд хичнээн машин хэрэгтэй юм. Тэгэхээр хүн шуналгүй байх ёстой. Дээрээс нь улс төржмөөргүй байна.

Монгол Улс сүүлийн 20 гаруй жил огт үйлдвэрлэлгүй болчихсон. Өнөөдөр үйлдвэрлэлгүй улс орон гэдэг бол гал тогоогүй айлтай л ижилхэн. Мэдээж бид шууд бүгдийг хийнэ гэж зүтгэхгүй. Хүнс, хувцас бол үндэсний аюулгүй байдал гэж ярьдаг. Тэгэхээр бид ядаж хүнс, хувцсаа өөрсдөө бүрэн үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Сүүлийн 20 жил бид Хятад улсыг маш сайн хөгжүүллээ. Одоо сүүлийн хоёр жил хойд хөрш, Улаан-Үдийн мужуудыг хөгжүүлэх гээд ханцуй шамлачихсан сууж байна. Үнэндээ, өнөөдөр визгүй болох нь бидэнд ямар ашигтай юм бэ. Бүх юмаа гаднаас оруулж ирээд валютаа гаргаад байхаар чинь валютын хомсдолд орохгүй гээд яах юм бэ. Миний мөрөөдөл бол энэ хомсдоод байгаа валютын жаахныг нь ч гэсэн Монголдоо оруулж ирэх юмсан. Ер нь үйлдвэрлэгч хүн бүрийн мөрөөдөл л ийм байгаа.

-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.  

Нийтэлсэн: О.Энхмаа

Г.Майцэцэг: Хүн яаж ч тэрсэлсэн төр бүхний дээр байдаг гэдгийг ойлгосон  
Үзсэн: 4104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.115.xxx [203.91.115.xxx] 2016-03-12 09:11
т1
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2016-03-10 16:42
ойлгосон бол сайн байна
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2016-03-09 11:17
ЧИ хүмүүсийн цагийг үрсэн тэнэг ярилцлага энд тэнд битгий өгөөд бгаач тэнэгээ.Уншихаас ч цагийн гарз.
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2016-03-09 11:15
ККК одоо бүр БНХАУ-д үйлдвэртэй гэнээвУгаасаа хятадаас бараагаа зөөдөг байж.ЯМАР ч ичих булчирхайгуй ,толгой нь ажиллахгуй ,боловсролгуй тэнэг авгай.ЭНэ л оёдлын салбарыг хөгжүүлээд бгаа юм гэнэ дээ.Танайхаас өмнө ч оёдлын үйлдвэрүүд байсан одоо ч ажлаа хийцгээгээд татвар,НӨАТ-аа төлөөд явж байгаа хэдэн арван компаниуд бгаа.Харин чам шиг явуулын юмнууд нь гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр САЛБАРЫН нэр хүндийг шороотой хольж бгаа шүү.БИТГИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭР БАРИАД БАЙ.Угаасаа зах зээлийн хуулиар тар нь танигдаж зах зээлээсээ шахагдаад бгаа юм биш үү ЧИ.
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2016-03-09 09:46
Ерөнхий сайдыг анх дэмжиж бсан гэснээ Алтанхуягт хайртай болоол Сайханбилэг улам муутгалаа ч гэх шиг , Хятад биднийг идэж залгиж бна гэсэн хирнээ Хятадад үйлдвэр байгуулаад яам тамгаар нь орж гуйгаад явж бсан тэндээс ашиг орлого олж идэж ууж явсан болтой юм. Ёс зүй хэм хэмжээ юу болдог юу болдооггүйг эхлээд ухаар. Ерөнхийдөө толгойгоо цэгцэл. Нэг ийм яадгаа алдсан янхан сэтгэхүйтэй болчихсон хүүхнүүд төр рүү цоройгоод байвал хоншоорыг нь тас цохиж байх хэрэгтэй
31.18.49.xxx [31.18.49.xxx] 2016-03-09 04:34
Г.Занданшатар: Малгай толгой яахавдээ Мартын 8-ны мэнд хүргье
82.233.204.xxx [82.233.204.xxx] 2016-03-07 21:22
Ehleed uildverlej baigaa baraandaa zov bas mongol ner songoj oloh heregtei chuudee tegehgui gadnii nertei bur orchuulbal ontsgoi erh darh gesen nertei baij bolohgui shuudee mongol d uildverlesen mongol brend yum bol mongol ner ogoh heregtei ner bol chuhal chuudee tegehgui bol exclusiv brend gevel hun sain oilgoj mongol baraa buteegdehuun gej harahgui shuudee daraa n uildverlej baigaa baraagaa sain surtachilah heregtei bas uniig hyamd bailgaj olon hun massiin hereglee bolgoh heregtei tegeed zarj borluulsan bol tatvaraa tolchih tegeed l bolloo
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2016-03-07 15:01
UNEHEER SUPER DAICHIN BUSGUI YMDAA. HAMT ZUTGEH YMSAAH UILDVERIIN NI UILCHLEGCHIIG HI CH HAMAAGUI HIIGEED KK. AMJILT HUSII EMEGTEICHUUDIIN BAYRIIN MEND DAVHAR HURGEYEE
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-03-06 19:32
ergvv muu gichii dampuurwal taarna uuriinh n buruu bsan l yum bnlee shd tatwaraa tuluh l heregtei shd ene ymar gantsaaraa mongold yum hiij bgaam bish jijighen chapaak yum bj sda chin
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2016-03-06 14:30
Ajlin bair nemegduulsen iimerhuu biznes erhlegchidee tur zasgaas demjih heregtei. 5 jil tatvaraas chuluuldugch yum uu. Uildverlelee ehleedl tatvaraa tuluud ehelvel yaj bosoh yum. Hedeern uruu tuluud hedeern humuusee tsalinjuulah yum be. Maitsetseg shig humuusiig demjih hetegtei. Ed nar yamar ulsin mungiig tender nereer luivardaj bgaa bish
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2016-03-06 08:22
Аж ахуй жижиг Үйлдвэрлэл хөгжүүлэх учир начрыг бүрэн ойлгосон эмэгтэй байна. Тэр үйлдвэрлэл хөгжүүлэх гээд толгойгоо гашилгаад байгаа дээд хэдэн тэнэгүүд, Яамны гүзээтэй, гүзээгүй тэнэгүүдээс 100 г халаад ажиллуулахад зөв бодлого голдрил гаргаж чадах л хүн байна. Залуу хүн гэхэд
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2016-03-04 12:27
nuusan ni 34 h naydaar urshuugddug il tailagnsan ni hurunguu huralgaj hohirohoor daraa tavaraa tuluh hvn oldohuu
79.210.29.xxx [79.210.29.xxx] 2016-03-01 22:55
Amjilt xusie.
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2016-02-29 23:07
төр засаг уруугаа татвараа төлөхгүй гэж тэрсэлдсэн нь инээдэмтэй
103.57.94.xxx [103.57.94.xxx] 2016-02-29 21:01
ene huviin uildver shuu dee,erkh barigchid toriig shilj amidragchdaa odoo bolno sh ee.Bug ene hun ees aisan bizdee.Yostoi l 1000 myangan maitsetseg mongold bgaa,ene zun ugaaj ogne l dee
103.57.94.xxx [103.57.94.xxx] 2016-02-29 21:01
ene huviin uildver shuu dee,erkh barigchid toriig shilj amidragchdaa odoo bolno sh ee.Bug ene hun ees aisan bizdee.Yostoi l 1000 myangan maitsetseg mongold bgaa,ene zun ugaaj ogne l dee
202.21.125.xxx [202.21.125.xxx] 2016-02-29 17:06
ОДОО Л ОЙЛГОСОН ЧИНЬ ҮНЭН ҮҮ.ТӨР Л БОЛ ТӨР. ХЭН САЙД БАЙХ НЬ ХАМААГҮЙ. ТАТВАР Л БОЛ ТАТВАР . ТӨЛӨХ ЕСТОЙ
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2016-02-29 12:29
маш зөв ярьж байна шүү.хууль нь ийм байгаа.энэ хуулиар бол маш их ашигтай юмуу маш чадварлаг хуулийг сайн ашиглаж чаддаг хүмүүс л тэсэж үлдэнэ бусад нь ёстой уучлаарай.Ялангуяа хөдөөгийн бага мөнгөн дээр ажиллаж байвал маш их хэцүү
202.179.24.xxx [202.179.24.xxx] 2016-02-29 11:40
BI IIM KOMPANI BAIDGIIG MEDEHGYI.
202.179.25.xxx [202.179.25.xxx] 2016-02-29 11:38
МАШ ЗӨВ ОЙЛГОСОН БАЙНА.

Бидэнтэй нэгдээрэй