Өвөрхангай аймгийн Шүүх, Прокурорын байгууллага нь нэг байранд үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх магадлалтай, хууль зөрчсөн үйлдэл. Ийм байдал ганц Өвөрхангайд ч бус, олон аймагт нийтлэг байна.
Тэр ч бүү хэл, гадаад улсын өмчлөлтэй байранд Монголын шүүх нь түрээсээр суудаг аймаг ч бий. Энэ бүхнийг зохицуулах цаг ирсэн гэдгийг орон нутгийнхан хэлж байна. Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллав. Тус аймагт эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн, давж заалдах шатны шүүх нь хамгийн ачаалалтай ажилладаг юм байна.
Өвөрхангай аймгийн шүүх нь, гурван аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны гомдлыг хэлэлцдэг. Мөн анхан болон сум дундын нийтдээ таван шүүхийн байгууллагыг нэгтгэдэг. Шүүхийн шүүн таслах үйл ажиллагааг иргэдэд дэлгэцээр шууд үзүүлэн, вэб сайтдаа байрлуулж хэвшсэн байна. Хэрэг шийдвэрлэсэн байдлаас харахад Эрүүгийн хэрэг зонхилж байгаа юм.
Хөдөө орон нутагт эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байгаа нь, шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг маргааны тооноос харж болохоор байна. Давж заалдах шатны шүүхийг аймаг, сум дундын болгон өөрчилсөн нь, иргэдийг чирэгдүүлж байна гэх гомдлыг дагуулдаг. Ирэх зургаадугааар сараас давж заалдах шатны шүүхийг аймаг бүрт нь байгуулах уу, эсвэл тойргийн журмаар шүүх бүрэлдэхүүн ажиллах уу гэдэг нь тодорхой болох юм байна.
Хууль хүчний байгууллага иргэдэд хэр нээлттэй байна төдий чинээ гэмт хэргийн илрүүлэлт, шүүн таслах ажиллагаа илүү шударга болох учиртай. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүх иргэдийн өмнө нээлттэй боллоо. Харин одоо Прокурор, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд нээлттэй, ойлгомжтой болох цаг ирсэн гэдгийг ч орон нутгийнхан хэлж байлаа.
| Орон нутагт Шүүх, Прокурорын байгууллагууд ачаалалтай ажиллаж байна | ||
| Үзсэн: 606 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.