Шууд Chart

Сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө

2016-03-02 19:30:45

Сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэл статистикийн ерөнхий газар, Үндэсний аудитын газраас хамтарсан мэдээлэл хийлээ. 2016 оны сонгуульд оролцох иргэдийн нэрсийн жагсаалт урьдчилсан байдлаар гарч, нэр дэвшигчид болон намуудын сонгуулийн сурталчилгаанд зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоосон байна. Одоогийн байдлаар сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 сая 40 мянга 48 иргэн бүртгэлтэй байгаа юм. 

Сонгуулийн тухай хуулийн дагуу энэ сарын 1-нээс өмнө Их хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээ, мөн нам, эвсэл тус бүрээс зарцуулах хөрөнгийн хэмжээ, сонгуулийн хэсэг байгуулах зэрэг бэлтгэл ажлуудыг хийх ёстой. Нам эвслийн хувьд 3.4 тэрбум төгрөг хүртэлх хөрөнгийг сонгуулийн сурталчилгаандаа зарцуулах боломжтой бол нэр дэвшигчдийнхийг тойрог бүрээр нь тухайлан гаргажээ.

Өмнө нь үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлдэг байсан. Харин энэ жил сонгууль болохоос 18 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 11-нээс сурталчилгаа хийх эрх  албан ёсоор нээгдэж байгаа юм. Мөн телевиз, радиогийн нэг өдрийн эфирт 60 минутаас илүү сурталчилгаа хийхийг хориглосон. Эдгээр зүйлүүд нь сонгуулийн зардлыг тооцоход нөлөөлсөн гэлээ. Түүнчлэн нам, эвслээс зарцуулах хөрөнгийн дээд хэмжээнд нэр дэвшигчийн сонгуулийн зардал нэмж тооцохгүй юм байна.

Сонгогчийн нэрсийн жагсаалтыг хурууны хээгээр баталгаажуулсан. Тиймээс санал давхардах зэрэг зөрчил гарахгүй байхаар зохицуулсан. Мөн дээрх сонгогчдын тоог харгалзан 2091 сонгуулийн хэсэг байгуулжээ. Хуулийн дагуу шилжилт хөдөлгөөнийг сонгууль болох өдрөөс 60 хоногийн өмнө зогсоодог. Энэ удаа дөрөвдүгээр сарын 30-нд шилжилт хөдөлгөөн зогсоно. Ингэснээр сонгуулийн насны иргэдийн тоо эцэслэн гарах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө   
Үзсэн: 326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй