Шууд Chart

Дэлхийн түвшний инженерүүдийг Монголдоо бэлтгэнэ

2016-03-03 11:00:00

Бид олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх боловсролыг заавал гадны улс оронд очиж эзэмшихгүйгээр дотооддоо суралцах боломжтой гэж Монгол, Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутнууд хэлж байна. 2018 онд тус сургуулийн анхны төгсөгч болон гарах ирээдүйн инженерүүдэд олон улсын стандартад нийцсэн сургалтыг хэрхэн нэвтрүүлж байгаа талаар өнөөдөр салбарынхан мэдээлэл солилцлоо. 

Германы их сургуульд очиж туршлага судалсан Монгол оюутнууд манай сургалтын орчин Германыхтай чанарын ялгаа бараг байхгүй гэж байна. Гэхдээ Монгол, Германы ашигт малтмал, технологийн их сургууль олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Германы сургалтын туршлагыг Монголд нутагшуулахын тулд шууд хуулбарлаагүй. Монголын нөхцөлд тааруулж тусгай хөтөлбөр боловсруулжээ. Сургалтын хөтөлбөртөө төгсөгчдийг ажлын байрандаа хүлээн авах үйлдвэр, компаниудын саналыг ч тусгасан байна.

Энэ сургуулийн доктор Жүргэн Бауэр "Бид олон улсын хэмжээнд инженер бэлтгэх туршлагыг Монголын орчин нөхцөлтэй уялдуулан сургалтын хөтөлбөр боловсруулсан. Бидний инженер бэлтгэх гол зарчим бол үйлдвэрүүдэй хамтран оюутнуудыг практик дадлага дээр сургах. Тэд ажлын байранд гараад ажилчин хүний ачааллыг шууд даах чадвартай, мэдээллээс гадна мэдлэгтэй болж төгсөнө гэсэн үг" хэмээн ярилаа. 

Оюутан болсон эхний өдрөөсөө эхлэн үйлдвэрийн дадлагад гарч, ажлын байрны нөхцөлтэй танилцан суралцах орчныг тэд бүрдүүлдэг байна. БСШУЯ-ны дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд нэвтрүүлж байгаа уг сургалтын орчин олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц Монгол мэргэжилтнийг бэлтгэх жишиг хөтөлбөр болно гэж үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн түвшний инженерүүдийг Монголдоо бэлтгэнэ  
Үзсэн: 489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй