Шууд Chart

Долоо хоногийн тойм

2013-09-28 06:47:38

Долоо хоногийн тойм мэдээллийг хүргэж байна. Энэ 7 хоногийн онцлох үйл явдлаар Монгол Улсад телевизийн өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсний 46 жилийн ойн баярыг нэрлэж байна. Тэртээх 1967 оны есдүгээр сарын 27-нд монгол гэрийн хойморт хүн төрөлхтний шинжлэх ухаан, техникийн хөгжил дэвшлийн гол бүтээл болсон зурагт, радио “амилж” ертөнцийн сонин мэдээллийг дуу, дүрстэйгээр хүргэж эхэлсэн. Тэр цагаас эхлэн МҮОНРТ-ийн хамт олон үе шаттай технологийн шинэчлэлтүүдийг хийж, 1981 онд нэвтрүүлгүүдийг өнгөтөөр дамжуулж эхэлсэн бол өдгөө бүрэн тоон системд шилжиж 46 жилийн ойтойгоо золголоо. Телевизийн урлагийн ууган төлөөлөгч МҮОНТ өнөөдөр орчин үеийн хөгжилд хөл нийлүүлэн технологийн шилдэг шийдлээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн оронд төдийгүй, дэлхий дахинд болж байгаа үйл явдал, соёлын их өвийг Монголын ард түмэндээ мэргэжлийн өндөр түвшинд нэр төртэйгээр дамжуулан хүргэж байна. Үүн дундаас бас нэгэн онцлох зүйл нь МҮОНРТ өөрийн mnb.mn сайтынхаа албан ёсны нээлтийг хийсэн юм. Баяр дээр баяр нэмж мэндэлсэн www.MNB.mn  сайтаас эрхэм та цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай, бодитой, тэнцвэртэйгээр хүлээн авах боломжтой. www.MNB.mn сайт нь хэрэглэгчдэд унших, сонсох, үзэх хэлбэрээр хүрч буйгаараа онцлогтой.  Улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлаас тоймлоход Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдгээр өдрүүдэд АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэл болон “Хууль дээдлэх ёсны асуудлаарх” өндөр түвшний хуралдаанд оролцож байна. Тэрбээр ерөнхий санал шүүмжлэлд оролцохдоо олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт дэвшүүлж буй зорилтуудын талаар танилцуулж байгаа юм. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг БНХАУ-ын “Чалко” компанийн ерөнхийлөгч Сионг Вэйпинг тэргүүтэй төлөөлөгчдийг /09-24/  хүлээн авч уулзсан. Уулзалтаар Тавантолгойн Цанхийн зүүн хэсгээс олборлож буй нүүрсний урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 170 сая ам.долларын өрийн талаар ярилцаж энэ ондоо багтаан нүүрсээр төлж дуусгахаар боллоо. Мөн хамтын гэрээг цаашид ойлгомжтой, ил тод, олон улсын түвшний “Off take” гэрээ болгон сайжруулах нь зүйтэй гэж зөвшилцсөн юм. Цаашилбал УИХ-ын дарга З.Энхболд намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох захирамжийг гаргаж долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт товлов. Харин ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гурван гишүүн болох “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Да.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги төлөвлөлт, бодлогын хэлтсийн дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн нар ордог "Рио Тинто" компанийнхантай хэлэлцээр хийхээр Лондонг зорьлоо. ТУЗ-ийн шинэ бүрэлдэхүүний анхны энэ хэлэлцээр нь  арга ажиллагаа, ур чадвар шаардах нөхцөлд хийгдэж буйгаараа их онцлогтой. Харин тус салбартай холбоотой таагүй мэдээллийг хүргэхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэ сарын 25-ны шөнө СБД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Le Triskell" ресторанд иргэн Б-г хутгалсан хэрэгт холбоотой болохыг тогтоож эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлээр эрүү үүсгэжээ. Цагдаагийн байгууллагаас Н.Номтойбаярт Эрүүгийн хэрэг үүсгэснийг мэдэгдсэн бөгөөд албан ёсоор байцаалт авч эхлээгүй талаар мэдээлэл хийлээ.  Нийгмийн амьдралд гарсан онцлох үйл явдлаас дуулгахад  Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаа 9 дүгээр сарын 17-нд дуусгавар болж тус санг татан буулгалаа. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таван жилийн хугацаатай байгуулсан “Мянганы сорилтын гэрээ”-ний дагуу манай улсад 270,660,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг бодитоор оруулсан байна. Улсын хэмжээнд ургац хураалтын ажил цаг агаарын байдал тайван тааламжтай байвал 10 дугаар сарын дунд үед дуусгах төлөвлөгөөтэй яваа.  Өнөөдрийн байдлаар ургац хураалт үр тариа 22.9, төмс 59.3, хүнсний ногоо 63.1, таримал тэжээл 46.8, тосны ургамал 7 хувьтай байна.  Хотын дарга нийслэлчүүдийг өнөтэй, дулаан өвөлжүүлэх үүргийг холбогдох албаныханд өгч тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байгаа. Ирэх сард өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувь хангагдана гэсэн мэдээлэл байна.  Энэ намрын дуулиан болсон “Нарантуул” захын хүнсний захад гарсан гал түймрийн улмаас хохирогчдын хохирлыг анхнаас нь шийдвэрлэж эхэллээ. Тус захад байрлалтай Голомт банкны 54 сая төгрөгтэй бэлэн мөнгөний машин /АТМ / галын үеэр шатсан. Энэ АТМ нь "Бодь" компанид даатгалтай бөгөөд гэрээний дагуу хохирлыг нь барагдуулж 54 сая төгрөгийн олгосон юм. Урлаг, спортын салбар олон шинэ содон сонин үйл явдлаар дүүрэн байсан. Үүн дундаас МУСГЗ хөгжмийн зохиолч Ц.Чулуунбатын “Содон аялгуу” тоглолт, “Хамаг Монгол” төслийн “Хамаг Монгол” тоглолтыг онцлон нэрлэмээр байна. Айсуй шинэ долоо хоног Монголчууд бидний амьдралд хөгжил, дэвшил, амжилт бүтээлийн дээдийг бэлэглэх болтугай.

Нийтэлсэн: Б.Баярт

Долоо хоногийн тойм   
Үзсэн: 1746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй