“Хөгжил ардчилал” төрийн бус байгууллагаас санаачлан “Монголын эдийн засаг: ололт, сорилт, боломж” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Монголчууд уул уурхайн супер циклийн үед олсон орлогоо ашиглаж чадаагүй, баялаг орлогын хуваарилалт тэгш, ил тод байгаагүй, баялгаа түүхийгээр нь хямд худалдаалсан зэрэг олон зүйл дээр алдсан. Харин алдаагаа боломж болгон ирэх жилүүдэд эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход салбар бүрийн уялдаа холбоог сайжруулж, үндэсний аж үйлдвэрийн сэргэлтийг дэмжиж, орлогоо зөв зүйлд зарцуулах хэрэгтэй гэж хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгчид ярьж байна.
2012 оноос хойш Монгол Улсын уул уурхайн салбарын орлого нэмэгдэж, эдийн засгийн өсөлт 17 хувь хүрч байсан. Уул уурхайн салбараас олох орлогоо урьдчилан авч, бэлэн мөнгө хэлбэрээр иргэдэд тарааж байсан. Энэ бол баялгийн хуваарилалт биш. Мөнгө тараахаас урьтаад эдийн засгийн өсөлтийг дэмжих дэд бүтцээ бэлтгэх шаардлагатай байсныг судлаачид хэлж байна.
Монгол Улсын экспортын 79 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа эзэлдэг. Дэлхийн зах зээл дээр түүхий нүүрс, зэсийн үнэ унасан нь уул уурхайгаас олох орлого хумигдах шалтгаан болсон. Тодруулбал, Монгол Улс 2014 онд 5 тэрбум долларын уул уурхайн бүтээгдэхүүн экспортлож байсан. Харин 2015 онд энэ үзүүлэлт 23 хувиар буурч 3.68 тэрбум доллар болжээ. Гэхдээ энэ уналтыг боломж гэж харвал үр дүнд хүрнэ гэж салбарынхан үзэж байна.
Эхний ээлжинд зэс хайлуулах, ган үйлдвэрлэх хүнд үйлдвэрүүдээ дэмжиж байж баялгаас олох орлого тогтворжино. Монгол Улсын 2030 он хүртэл аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогодоо хүнд үйлдвэр байгуулах ажлыг тэргүүлэх зорилт болгон дэвшүүлжээ.
2012 онд Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.5 тэрбум долларт хүрч байсан. Харин 2014 онд 381 сая, 2015 онд 232 сая доллар болж буурчээ. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл нь улс төрийн болон хууль эрхзүйн тогтворгүй байдал гэж тайлбарладаг. Тэгвэл алдаагаа засах боломжийг гадны байгууллагынхан ингэж харж байна. Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч Даниел Шмюкинг “Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх болсон нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийн талаарх үндсэн ойлголтуудыг Монгол Улсын хөрсөнд буулгахыг хүсдэг. Ер нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хамгийн чухал үзүүлэлт нь хууль эрхзүйн таатай орчин. Мөн үүнийгээ удаан хугацаанд тогтвортой хадгалах явдал байдаг” гэв.
| Уул уурхайгаас олсон орлогоо хуримтлуулах хэрэгтэй | ||
| Үзсэн: 337 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.