Шууд Chart

Тариалангийн тухай хуулиар малчдын эрх зөрчигдөж байна уу

2016-03-14 18:47:21

Өнгөрсөн онд Тариалангийн тухай хуулийг баталж, тариаланчид газраа урт хугацаанд эзэмших эрхийг баталгаажуулж өгсөн. Ингэснээр газар эдийн засгийн эргэлтэд орж, газар тариалангийн салбарт нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шинээр бий болно гэсэн тооцоо байна. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт нь Бэлчээрийн тухай хуультай зөрчилдөж тариаланч, малчдын дунд маргаан үүсгэх нөхцөл бий болоод байгааг орон нутгийн удирдлагууд хэлж байна.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн нэг орчим хувьд буюу сая га талбайд газар тариалан эрхлэх боломжтой гэсэн судалгаа байна. Сая га талбайг эдийн засгийн эргэлтэд оруулж, өөрөөр хэлбэл, тариаланчид өөрийн эзэмшилд байгаа газраа банкинд барьцаалж зээл авдаг болсноор газар тариалангийн салбарт хамгийн багадаа нэг их наяд төгрөгийн шинэ эх үүсвэртэй болох боломжтойг эдийн засагчид тооцоолжээ.

Газар тариалангийн салбарт эдийн засгийн шинэ эх үүсвэртэй болж байгаа нь сайн хэрэг ч малчдын эрхийг зөрчсөн хууль болсныг малчид шүүмжилж байна. Энэ хуульд “Тариан талбайгаас 500 метрийн зайд малчид нутаглана” хэмээн заажээ. Энэ нь олон малчдын эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Тухайлбал, Хэнтий аймгийн Дадал сумд газар тариалан эрхлэлт сүүлийн гурван жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн. Газар тариалангийн зориулалттай шинээр олгосон талбайд зарим малчдын өвөлжөө, хаваржаа нь орсон байна. Дадал сумын хувьд малчдыг өөр газар руу нүүлгэх боломж байхгүй. Энэ нутаг нь мод ихтэй, бог малын бэлчээр бага учраас малчид ихэвчлэн бод өсгөж, суурин малладаг. Жилийн дөрвөн улиралд нүүдэггүй. Ингэж олон жил нутагласан газраа тэд бусдад эзэмшүүлэхгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын Мэдээ" сувгийн "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тариалангийн тухай хуулиар малчдын эрх зөрчигдөж байна уу  
Үзсэн: 476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй