Шууд Chart

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

2016-03-14 18:55:56

Орон сууц шууд худалдах авах боломжгүй, ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн урьдчилгаа төлбөрийг гаргах чадваргүй, олон мянган өрх түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжихийг хүлээж байна. Төрийн орон сууцны корпорацийн санхүүжилтээр аймаг, нийслэлд барьсан 929 орон сууцыг зах зээлийн ханшаас хямд үнээр иргэдэд түрээслүүлэхээр болсон. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэл өнөөдөр эхэллээ.

Өнөөдөр Дархан-Уул аймагт эхэлж буй түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэл ирэх долоо хоногийн лхагва гараг хүртэл үргэлжилнэ. Журмын дагуу түрээсийн орон сууцанд орох иргэдийг зорилтот бүлгээр нь зургаан хэсэгт хувааж тус бүрт нь 5-30 хувийн квот олгохоор болсон. Үүнд, өндөр настанд 15 хувь, залуу гэр бүлд 20 хувь, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 30, төрийн албан хаагчид 15 хувь, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрхөд таван хувь, 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд 10 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг халамжилдаг гэр бүлд 5 хувийн квот олгож байгаа юм. Хэрвээ бүртгүүлсэн иргэдийн тоо квотоос давсан тохиолдолд сугалаа явуулах замаар тодруулна. Дархан-Уул аймагт л гэхэд 80 гаруй квот байна.

Харин Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэл ирэх долоо хоногийн даваа гарагаас буюу энэ сарын 21-ний өдрөөс эхлэх юм.

Барилгын салбарт шийдэгдэж байгаа өөр нэг шинэчлэл бол найман хувийн ипотекийн зээлийг таван хувь руу шилжүүлэх ажил. Дахин төлөвлөлтөд хамрагдсан Налайх, Багахангай, Багануур дүүргийн иргэдийн зээлийг таван хувь руу шилжүүлэх нөхцөл бүрдсэн. Энэ ажил маргаашнаас эхлэх юм. Бусад дүүрэг болон 21 аймагт ипотекийн зээлийг таван хувь руу шилжүүлэх ажил яриа хэлэлцээний түвшинд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ  
Үзсэн: 386 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй