Манай улс ойн сангаа эдийн засгийн эргэлтэд оруулж жилдээ 150 гаруй тэрбум төгрөг олох боломж байгааг мэргэжилтнүүд тогтоосон байна. Манай орны нийт ойн сангийн 3/1 нь хөгширсөн, нас гүйцсэн мод байдаг. Тиймээс ойг эдийн засгийн эргэлтэд оруулах саналыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамныхан УИХ-д суудалтай намын удирдлагуудад хүргүүллээ.
2014-2015 онд хийсэн Үндэсний ойн тооллогод нутгийн хойд хэсгийн тайгын 12.5 сая га газрыг хамруулсан. Энэ нь Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 45.6 хувийг хамарсан гэсэн үг. Түүнээс 9.1 сая га талбай ойгоор бүрхэгдсэн болохыг тогтоожээ. Гэвч энэ ойн бараг тал хувь нь хөгширсөн байна.
Монгол Улс ойгоо тоолж, цаашид ямар арга хэмжээ авбал байгаль орчиндоо төдийгүй эдийн засагт үр өгөөжтэй байх вэ гэдгийг тогтоолоо. Харин одоо үүнийгээ ажил хэрэг болгохын тулд ойн бодлогын тухай шинэ баримт бичигтэй болох шаардлага гарч байгаа юм байна. Энэ талаар Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөтөлбөрийн захирал Клаус Шмидт Корситто “Монгол орны тайгын буюу шилмүүст ой нь дэлхийн хамгийн том ойн экосистемийн бүрэлдэхүүн хэсэг. Тайгын ойн экосистем нь дэлхийн 1.4 тэрбум орчим га талбайг эзэлдэг ч өнөөдрийн байдлаар 150 сая га газар түймэрт өртөж, хортон шавжинд идэгдээд байна. Хөгширсөн модыг Европын олон орон эдийн засгийн эргэлтэд оруулсаар ирсэн. Модон эдлэл хийж, эргээд түүнээсээ олсон орлогоор ойгоо нөхөн сэргээх бодлогыг барьж байна” гэлээ.
УИХ-д суудалтай намын төлөөлөлд ойн тооллогын үр дүнг ийнхүү салбарын яам, гадны эрдэмтэд танилцуулсан нь Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ойн асуудлыг тусгаж өгөхийг уриалж байгаа нэг арга юм байна.
Хөгшин ойг эдийн засгийн эргэлтэд оруулах саналаас гадна ойн үрийн тухай хуультай болох, ойн ангиудад 1000 га ойг гэрээгээр эзэмшүүлэх, ойн зам тавих саналыг БОНХАЖЯ гаргаад байгаа юм.
| Хөгшин ойг эдийн засгийн эргэлтэд оруулснаар жилдээ 150 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой | ||
| Үзсэн: 752 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.