Шууд Chart

Монгол хүн сансарт ниссэн өдөр мэндэлсэн залуус нэгдэж хүүхдүүдийг баярлууллаа

2016-03-22 16:26:47

Монгол хүн сансарт ниссэн өдөр буюу 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр манай улсад 206 хүүхэд мэндэлж байжээ. Тэднээс 97 нь эрэгтэй, бусад нь охид байсан байна. Мөн энэ өдөр хоёр эх гурван ихэр хүүхэд төрүүлсэн байдаг. Тэдний төлөөлөл болсон залуус өнөөдөр нийслэлийн амаржих газруудад мэндэлсэн хүүхдүүдэд гарын бэлэг, дурсамж гардуулан өглөө.

Одоогоос 35 жилийн өмнөх энэ өдөр мэндэлсэн хүүхдүүдийг Монгол Улсын баатар сансрын нисэгч Ж.Гүррагчаа 15 жилийн өмнө хооронд нь уулзуулж нөхөрлүүлжээ. Тэд өнөөдрийг хүртэл энэ нөхөрлөлөө хадгалсаар ирсэн байна. 35 насныхаа төрсөн өдрийг ямар нэгэн тэмдэглэлт үйл явдалтай өнгөрөөхийн тулд залуус өнөөдөр мэндэлсэн хүүхдүүдэд бэлэг гардуулсан юм. 

Өнөөдөр "Хүрээ" амаржих газарт 10:30 минутын байдлаар 7 хүүхэд мэндэлжээ. Тэдний 4 нь хүү байсанд ээжүүд бэлгэшээж байна.

Монгол хүн сансарт ниссэн 1981 оны энэ өдөр мэндэлсэн хүүхдүүдэд гэр бүл нь сансар, огторгуйтай холбоотой нэр хайрлаж байжээ. Мөн оны энэ өдөр мэндэлсэн хүүхдүүдийн 15 нь Гүррагчаа нэртэй. Мөн хоёр баатрын нэрээр нэрлэгдсэн хүүхэд ч бий. Монгол хүн сансарт амжилттай ниссэн энэ өдөр манай улсын үйлдвэрлэсэн бүх бараа бүтээгдэхүүн "сансар", "нислэг" зэрэг брэнд нэршилтэй болж байсныг хүмүүс дурсаж байна. 

Түүнчлэн 1981 оны 3 дугаар сарын 22-ны өглөө гэхэд гудамжаар дүүрэн хоёр улсын далбаа, хоёр нисэгчийн зураг хөрөг, дурсгалын самбар зэрэг өлгөгдсөн байжээ. Түүхэн энэ өдрийг ийнхүү ард олноороо ёслол төгөлдөр тэмдэглэж байсан нь өнөөдөр ч гэсэн үнэ цэнэтэй хэвээр байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол хүн сансарт ниссэн өдөр мэндэлсэн залуус нэгдэж хүүхдүүдийг баярлууллаа   
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй