Хэдхэн цагийн өмнө Бельгийн нийслэл Брюссель хотын нисэх онгоцны буудалд дэлбэрэлт болсон тухай Олон улсын хэвлэлүүд шуурхай дамжуулсан. Шинээр ирж байгаа мэдээллээр нисэх онгоцны буудалд хоёр ч дэлбэрэлт болсон байна. Эхлээд дэлбэрэлтэд өртөж бэртсэн хүн гараагүй гэсэн мэдээлэл байлаа.
Гэвч олон улсын нисэх онгоцны буудалд болсон дэлбэрэлтийн дараа амь насаа алдсан хүмүүсийн цогцос болон гэмтэж шархадсан хүмүүсийг хүргэсэн Сан Люк эмнэлгээс 10 хүн амиа алдаж, 30-аад хүн гэмтэж шархадсаныг мэдээлж байна. Дэлбэрэлт орон нутгийн цагаар өглөөний 08:00 цагийн үед болсон ба "Американ Эйрлайнс" агаарын тээврийн компанийн нислэгийн бүртгэлийн ширээний дэргэд болжээ. Одоогоор Брюсселлийн олон улсын нисэх буудлаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж хаагаад буй юм байна.
Мөн тус нисэх онгоцны буудлаас бас нэг тэсрэх төхөөрөмж илрүүлж аюулгүй болгосон гэдэг мэдээлэл ирж байна. Түүнчлэн Брюсселийн Европ хороолол дахь метроны Мальбек станцад бас нэг дэлбэрэлт болж нэг хүн шархадсан. Тус станц байдаг гудамжны хөдөлгөөнийг бүхэлд нь хаасан мэдээ байна. Брюсселийн төв дүүрэгт нийтийн тээврийн хөдөлгөөнийг ч хаажээ.
Таксины жолооч нар зорчигчдыг нисэх буудалд хүргэж өгөхөөс татгалзаж байгааг иргэд олон нийтийн сүлжээгээр мэдээлж байна. Бельгийн Засгийн газар олон улсын нисэх онгоцны буудалд болсон дэлбэрэлтийг террорист халдлага байсан гэж мэдэгдсэн. Үүний зэрэгцээ тус улсад террорист аюулын түвшинг нэмэгдүүлээд байна. Мөн Францад аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Тухайлбал, Парис хотын Гар-дю-Но вокзалыг цагдаа нар бүслэн хаагаад байгаа юм байна. Францын дотоод хэргийн сайд Бернар Казнёв Франц-Бельгийн хил дээрх аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ аваад байгааг хэдхэн хоногийн өмнө мэдэгдэж байсан.
Одоогоор хилийн харуул хамгаалалтад гарч байгаа 5000 ажилтанд нэмэлт хүч илгээхээр болсон. Энэ нь Брюссель өнгөрсөн баасан гарагт Салах Абдесламыг баривчилсантай холбоотойгоор дахин халдлага гарах эрсдэл өндөр байгаа гэж мэдээлж байсан юм. Бельгийн цагдаа нарын баривчилсан Абдеслам нь 26 настай бөгөөд Парис хотод 130 хүний аминд хүрсэн халдлагад оролцогчдоос амьд үлдсэн хоёр этгээдийн нэг юм.
Түүнийг Францын талд шилжүүлэн өгөх тухай яригдаж байгаа бөгөөд мэдүүлэг авч байх цаг үетэй өнөөдрийн Брюссель дэх дэлбэрэлт давхцаж байгааг мэргэжилтнүүд сануулж байна. Мөн олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох Интерполоос гишүүн бүх улс оронд хандаж Абделсманыг баривчилсантай холбоотойгоор хилийн хяналтаа чангатгахыг зөвлөж байсан. Түүний хамтран зүтгэгчид нь Европ болон бусад бүс нутгаас оргон зайлж, эсвэл бүр өс аван халдлага үйлдэж ч болзошгүй гэж анхааруулж байсан учир Брюсселийн халдлагыг Абделсманы хамсаатнууд Исламын улс бүлэглэлийнхэн үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байна.
| Брюсселийн халдлагыг Абделсманы хамсаатнууд үйлдсэн байж болзошгүй | ||
| Үзсэн: 429 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.