![](/uploads/201603/news/thumb/fea0bef943d69ae526440f12b3e1dcb9_x3.jpg)
Монгол Улсын Засгийн газраас ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн. Энэ бол Монгол Улсын нутагт цацраг идэвхт бодисын хаягдал оруулахыг бүрмөсөн хориглосон эрхзүйн орчин болно гэдгийг Уул уурхайн яамнаас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.
Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөлд энэ төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үүнтэй холбоотой бусад үйл ажиллагаа явуулахыг хориглохоор тусгасан. Түүнээс биш иргэний нийгмийн байгууллагуудын болгоомжлоод байгаа шиг нөхцөл үүсэхгүй гэсэн тайлбарыг өглөө.
Мөн өнгөрсөн долоо хоногт ШӨХТГ шатахууны үнийг дахин бууруулах боломжтой гэсэн мэдээлэл хийснийг Уул уурхайн яамнаас няцаалаа. Учир нь нефтийн хилийн үнэ долоо хоногийн дотор дээш, доошоо 5-10 хувь хэлбэлзэлтэй байна. Гэтэл бид үнээ тогтмол барьж байгаа. Өөрөөр хэлбэл, энхэл донхолтой замаар ард түмэн амортизатор сайтай машинтай явж байгаагаас өөрцгүй гэж тайлбарлалаа.
Мөн энэ удаагийн "Ил тод уул уурхай"-гаар Тост, Тосонбумбын нуруунд олгосон хайгуулын зөвшөөрлийг цуцлахаар судалж байгаа болон Улсын тусгай хамгаалалтад авах асуудал яригдаж байна. Тухайн хэсэгт нийт 16 хайгуулын зөвшөөрөл олгосныг бүгдийг нь царцаасан. Улсын тусгай хамгаалалтад авахад шаардлагатай төсөв хөрөнгийг тооцоолоод Сангийн яаманд хүргүүлсэн байна.
Түүнчлэн ОХУ-ын Росгеологи фондын бүх салбаруудад хадгалагдаж байгаа Монгол Улстай холбоотой судалгааны тайлангуудыг Монгол Улсын талд шилжүүлэх болсныг мэдэгдлээ. Ингэснээр 1960-1990 оны хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн геологийн судалгааны ажлын тайлан мэдээлэл тодорхой болно. Мөн эрдэс баялаг ашигт малтмалын сангийн судалгааг арвижуулж, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах нөхцөл бүрдэнэ гэж салбарынхан үзэж байна.
Монгол Улс цөмийн хог хаягдлыг хилээрээ нэвтрүүлэхгүй | ||
Үзсэн: 685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.