Шууд Chart

Гацууртын орд ашиглах гэрээ байгуулахаар хэлэлцээ хийж байна

2016-03-31 11:22:34

УИХ-аас Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг 34 хувиар тогтоож, УИХ-аас Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Үүний дагуу Ерөнхий сайдын захирамжаар Орд ашиглах гэрээ байгуулах Ажлын хэсэг болон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсэг Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-тай Орд ашиглах гэрээний хэлэлцээний эхний шатыг энэ сарын 8-9-ний өдрүүдэд Канад Улсын Торонто хотод хийсэн. Харин хоёр дахь шатны хэлэлцээг энэ сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлүүлэн хийжээ.

Канадын тал Орд ашиглах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ болон Орон нутагтай хамтран ажиллах гэрээг нэгэн зэрэг байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байгаа аж. Ажлын хэсэг Хөрөнгө оруулагч талтай Орд ашиглах гэрээний зүйл, заалт бүрээр нь нарийвчлан хэлэлцэж байгаа талаар Уул уурхайн яамнаас мэдэгдсэн. Тухайлбал,  гэрээний төсөлд Ноён уул орчмын бүс нутгийн соёлын өвийг хамгаалах, сурталчлах "Соёлын өвийг хамгаалах хөтөлбөр"-ийг боловсруулж, компанийн зардлаар санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, цэвдгийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, гол, ундны усанд үзүүлэх нөлөөллийг хянах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх зэрэг заалтууд тусгагдаад байна.

Хөрөнгө оруулагч тал ирэх долоо хоногт Монголд хүрэлцэн ирж хэлэлцээг үргэлжлүүлэх юм. 

Эх сурвалж: Уул уурхайн яам


Гацууртын орд ашиглах гэрээ байгуулахаар хэлэлцээ хийж байна   
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй