Улсын хэмжээнд 330 орчим мянган малчин өрх байдгийн дөнгөж 37 хувь нь залуу малчид байна. Тиймээс жил ирэх бүр тоо нь цөөрч байгаа үндэсний баялаг бүтээгчдийн залуу халааг бэлтгэх чиглэлд түлхүү анхаарч ажиллах шаардлагатай байгааг “Малчны залуу халаа” уулзалт хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байна.
Малчдын хүүхдүүдийг зургаан настайд нь сургуульд оруулдаг болсноор залуу халаа бэлтгэх асуудалд сөрөг нөлөө үзүүлж байна гэх малчин олон байлаа. Ээжийнхээ өврөөс гараагүй нялх хүүхдээ дагаад хэн нэг нь хот суурин бараадах болдог. Үүний цаана залуу гэр бүл тусдаа амьдрахаас өөр сонголтгүй хүндхэн байдалд оруулдаг байна.
Түүнчлэн малчдын хүүхдүүд Ерөнхий боловсролын сургууль төгсөөд л хот барааддаг. Мэргэжилтэй орлоготой, сайн сайхан амьдрахыг хүссэн залуусын буруу гэж байхгүй. Эрэгтэй хүүхэд яах вэ, хар бор ажил хийгээд ч болтугай хоолоо олоод идчихнэ. Эмэгтэй юм энийгээ л нэг сургууль бараадуулъя гэсээр хөдөө хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж эхэлсэн нь уршиг дагуулж байгааг ч малчид хөндлөө.
Нийт малчин өрхийн дөнгөж 37 хувийг залуу малчид эзэлдэг. Гэтэл энэ тоо жил ирэх бүр буурах хандлагатай байгааг судалгааны дүн харуулсан. Тиймээс малчдыг төрийн бодлогоор дэмжиж, хөдөөд үйлдвэрлэж, хангалуун амьдрах боломжийг нь бүрдүүлэх чиглэлд бодлого боловсруулан дэмжиж эхэлжээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувийг мал аж ахуйн салбар үйлдвэрлэж байна. Тооноос илүү чанарт анхаарч, эрчимжсэн болон уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлж, малын түүхий эдээ гадны зах зээлд экспортлох боломж малчдад бүрдэж байна. Энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэйг малчид ойлгож байна. Тиймээс одоо малчин хүний хөгжилд түлхүү анхаарч, мэдлэг мэдээллийг сайжруулах шаардлагатай байгааг уулзалтад оролцсон 5 аймгийн 120 гаруй малчдын төлөөлөл хэлж байсан юм.
| Залуу малчдын хувьд гэр бүлийн асуудал тулгамдсан сэдэв болоод байна | ||
| Үзсэн: 368 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.