Уулархаг нутгаараа цас бүрэн хайлж амжаагүй байхад дөрвөн аймгийн 9 суманд 11 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Түймрийн улмаас 2 га ой, 39 мянган га хээрийн бүс шатжээ. Жил бүрийн хавар, намарт ой хээрийн түймэр гардаг нь ихэвчлэн хүний буруутай үйл ажиллагаанаас болдог. Гэтэл энэ хэргийг хэн үйлдэж, байгаль экологи, эдийн засагт онц хохирол учруулж буйг тогтоож чадахгүй байна гэж холбогдох албаныхан хэлж байна.
Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Баянтүмэн, Баян-Уул, Матад, Сүхбаатар аймгийн Наран, Дарьганга, Хэнтий аймгийн Биндэр зэрэг сум, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богинын ам зэрэг газруудад энэ онд гарсан түймрийн улмаас нийт 39.352 га талбай өртөж, хоёр айлын гэр, хоёр өвөлжөө шатаж, 40 тооны бог мал галд өртсөн байна. Энэ тоо бол зөвхөн өнгөрсөн 4 сарын хугацаанд л гарсан хохирол юм.
Нөгөөтэйгүүр улсын хэмжээнд цаг агаар дулаарч зүүн болон төвийн аймгуудад цас хайлж хуурайшилт нэмэгдэж байгаа нь ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөлийг бүрдүүлж байна. Одоогоор Архангай аймгийн Эрдэнэмандал, Хөвсгөл аймгийн Мөрөн, Сэлэнгэ аймгийн бүх сумд, Хэнтий аймгийн Биндэр, Дархан, Дорнот аймгийн Дашбалбар зэрэг газар түймрийн аюулын III зэрэг буюу аюултай зэрэглэлд ороод байгаа тухай өнөөдөр БОНХАЖЯ-аас мэдээлсэн.
Гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-ныг дуустал хугацааг манай оронд хуурайшилт ихтэй буюу түймрийн аюултай үе гэж үздэг. Энэ үеэр ой бүхий газар аялж зугаалах, зорчихыг хориглодог байна. Мөн зарим ан амьтдыг агнахыг хориглох хуулийн хугацаа үүнтэй давхацдаг.
| Он гарсаар улсын хэмжээнд 11 ой хээрийн түймэр гарчээ | ||
| Үзсэн: 384 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.