Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгт болж буй Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож буй. Тэрбээр энэ үеэр Хонгконгийн Худалдаа хөгжлийн зөвлөлийн дарга Маргарэт Фонгийг хүлээн авч уулзлаа.
Хонгконгийн Худалдаа хөгжлийн зөвлөл нь 1966 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гадаадын түнш харилцагчтай холбож, дэмжлэг туслалцаа үзүүлдэг байгууллага юм. Тус байгууллага нь Хонгконгийн Үзэсгэлэнгийн танхимыг эзэмшиж жилдээ олон улс, бүс нутгийн шинжтэй 30 гаруй үзэсгэлэн яармаг, худалдааг зохион байгуулдаг. Хонгконгийн Засгийн газар тус зөвлөлийн үйл ажиллагааны зардлын 10-15 хувийг санхүүжүүлдэг бөгөөд бусад зардлыг үйл ажиллагааны орлогоосоо бүрдүүлдэг байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хатагтай Маргарэт Фонгтой дахин уулзаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлээд Монгол, Хонгконгийн бизнес эрхлэгчдийн худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд Хонгконг нь олон улсын бизнес төв учир тус зөвлөлөөс зохион байгуулдаг уулзалтуудад Монголын тал оролцох, түншлэн ажиллах санал тавилаа. Мөн 2017 онд Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үндэсний брэндийг сурталчлах ажиллагааг Хонгконг зохион байгуулах боломжийн талаар санал солилцож, Худалдаа хөгжлийн зөвлөлөөс 2017 онд үйл ажиллагаандаа төлөвлөн хэрэгжүүлэх боломжийг судлахаар тогтлоо.
Уулзалтын үеэр ирэх найман сард зохион байгуулагдах хүнсний олон улсын үзэсгэлэн яармагт Монголын компани, үндэсний бүтээгдэхүүнүүдийг сурталчлах боломжийг олгосон байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хүнс, био бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд энэ арга хэмжээнд оролцсоноор дэлхийн 100 гаруй орны худалдан авагч, үйлчлүүлэгч нарт үйл ажиллагаагаа сурталчлах, бүтээгдэхүүнээ таниулах боломж бүрдэх юм.
Худалдаа хөгжлийн зөвлөл нь Хонгконгийг олон улсын бизнес, худалдааны төв болгох үндсэн үүргийг гүйцэтгэдэг томоохон байгууллагын нэг. Жилд 120 гаруй олон улсын байгууллагуудын үзэсгэлэн худалдаа, уулзалтууд зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2013 онд Хонгконг айлчлах үеэр Хонгконгийн тэргүүний 250 гаруй бизнес эрхлэгчидтэй уулзалтыг зохион байгуулж, манай орны хөрөнгө оруулалтын орчныг сурталчилж байжээ.
Худалдаа хөгжлийн зөвлөл нь гадаадад 40 гаруй төлөөлөгчийн газартай бөгөөд 11 нь БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг. Маргарэт Фонг 2010 онд тус зөвлөлийн гүйцэтгэх захирлаар анх ажилд орж, Хонгконгийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүнчлэн тус зөвлөлийн салбар төлөөлөгчийн газрыг олон улсад таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг хариуцаж байжээ. Тэрээр 2014 оноос Хонгконгийн Худалдаа хөгжлийн зөвлөлийн Ерөнхий захирлаар бөгөөд байгууллагынхаа олон улсын багийг удирдан Хонгконгийн компаниудын гадаад худалдааг дэмжих, шинэ боломж нээх чиглэлээр ажилладаг байна.
Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах ажиллагааг Хонгконгт зохион байгуулна | ||
Үзсэн: 747 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.