Шууд Chart

Б.Гарамгайбаатар: МАН-ын заавраар асуудлаа шийднэ гэж байхгүй

2016-04-08 17:33:22

АН-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дураар татгалзах тухай шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар мэдэгдэл хийлээ.

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “МАН-ын бүлэг хувь хүн рүү дайрсан, З.Энхболд даргыг харлуулан, гутаан доромжлохын тулд шаардах бичиг илгээсэн нь шууд харагдаж байна. Жишээ нь, Монгол Улсын хилээр цөмийн хаягдал, цацраг идэвхит бодис нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэхийг хориглох тухай хууль батлах тухай хууль батлах гэж байхад МАН-ынхан БНХАУ-ын Коммунист намынхантай уулзалт хийж, ээлжит бус чуулганыг санаатайгаар тасалдуулснаа цайруулах гэж оролдож байна. АН-ын даргыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан гэж гүтгэж, хооронд нь хагаралдан бутаргахыг оролдсон санаа агуулсан байна. МАН-ын бүлгээс АН-ын даргыг улсаа өрийн дарамтад оруулсан гэсэн байна. Яг үнэндээ МАН-ын үед харин ч авсан зээлээ үр ашиггүй тараасан, халамжийг тэтгэсэн бодлого явуулж байсан. АН-ын үед авсан бүтээн байгуулалт нь болсныг ард түмэн харж байгаа. Барилгын үнэ, зээлийн үнийг өрөөндөө тогтоосон гэж шаардлагадаа хэлжээ. Үнэн хэрэгтээ ард түмэндээ хямд, бага хүүтэй зээлээр орон сууц олгох нь МАН-ынхны хэлж буйгаар нүгэл юм байна. Үүний төлөө УИХ-ын даргад хариуцлага тооцдог бол хэчнээн удаа тооцуулахад ч бэлэн байна. Иргэдээ тав тухтай амьдруулахын төлөөх үйл хэргээс АН ухрахгүй. Чуулганы хуралдаанд хэлэлцэж буй асуудлаар өөр зүйл ярилцсан тохиолдолд хурлын дэг бариулсан, сахилга хариуцлагатай байлгасных нь төлөө өөрийг нь эргээд ажлаасаа татгалз гэж байна. УИХ-ын гишүүн дэгээ барьдаг, зөвхөн хэлэлцэж буй асуудлаар ярьж сурах ёстой. Микрофон харахаараа улстөрждөг, замбараагүй байдлаа МАН-ын эрхэм гишүүд хазаарлах хэрэгтэй. Өнөөдөр хүртэл Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл хэлэлцэж байхад Ч.Хүрэлбаатар тэргүүтэй гишүүд нь шал өөр зүйл ярьж, улс төр хийсэн. Үүнийгээ болих шаардлагатай. Ер нь Ардын намын тавьсан шаардлагын далд агуулга нь УИХ-ын дарга ард түмнийхээ Тавантолгойг авч үлдсэнийг буруушаасан мэт агуулгатай байна. Ард түмний Тавантолгойг ард түмэндээ л үлдээх ёстой. Сонгууль дөхсөн энэ үед улс төрийн оноо цуглуулах гэж, төрийн тогтворгүй байдал руу турхирсан явуургүй үйлдлээ зогсоохыг МАН-ын бүлгээс шаардаж байна” гэлээ.

Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Би зарим зүйлийг нь тодруулъя гэж бодож байна. Өнөөдөр МАН-ын бүлгээс УИХ-ын даргад ийм шаардлага хүргүүлсэн юм байна. Шаардлагыг нь уншихад ямар ч авцалдаа байхгүй, үндэслэл байхгүй ийм л шаардах хуудас байна. Зарим зүйл дээр нь тайлбар өгөх нь зүйтэй байх гэж бодож байна. Жишээ нь, энэ шаардлагын хоёр дахь асуудал дээр “УИХ-ын дарга нь нам, эвслийн, бүлгийн гишүүдийн бүрэн эрхэнд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг эв эеэр шийдвэрлүүлэх, уур амьсгал бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл та УИХ дахь нам, эвслийн, бүлгийн гишүүдийг олонх, цөөнхөөр нь ялгаварлан гадуурхах, бүлэг байгуулах, бүлгийн завсарлага авах, гишүүдийн үг хэлэх эрхийг хаах, санаачилсан хууль төслүүдийг нь хэлэлцүүлэгт оруулахгүй байх, гаргасан санал, хэлсэн үгтэй холбогдуулан гишүүдийг дайрч доромжлох, хэлсэн үгийг нь мушгин гуйвуулж олон нийтэд гүтгэлэг тараах зэргээр туйлын бүдүүлэг, болчимгүй, зохисгүй арга хэлбэрээр төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж байна” гэсэн байна. Өнөөдөр энэ Улсын Их Хурал 2012 оноос хойш дөрөв дэх жилдээ ажиллаж байна. З.Энхболд дарга дөрвөн жил Улсын Их Хурлыг даргалж байна. Анх Улсын Их Хурал байгуулагдах үеийн нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. УИХ-ыг хуралдуулж, УИХ-ын даргыг сонгох үйл ажиллагаа явуулах гэж байхад МАН-ынхан хуралд орохгүй, өөрсдийн намын хурлыг хийгээд, УИХ-ыг бүрэлдүүлэх үйл ажиллгагааг зориудаар тасалдуулж байсан. Тийм учраас УИХ-ын тухай хууль, дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын даргын сонгуульт ажлыг албан ёсоор хийсэн. Хэрвээ үүнийг хууль бус гэж үзэж байсан бол өмнө нь ҮХЦ-д ч юмуу бусад байгууллагат нэг ч удаа хандаагүй байгаа юм. Сонгууль дөхөөд ирсэн, УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусах шахсан энэ үед тавьж байгаа нь өөрөө ямар ч авцалдаагүй, утга учиргүй асуудал байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, олонх цөөнхийг ялгасан асуудал УИХ-ын дарга гаргахгүй. Яагаад гэвэл УИХ-ын дарга УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу олонх цөөнхтэй харьцаж байгаа. Түүнээс биш, өөрийн үзэмжээр олонх, цөөнхийг ялгаж, гадуурхсан ямар ч асуудал байхгүй. Үг хэлэх эрхийг нь хаах, санаатайгаар тасалдуулах гэсэн зүйл огт болоогүй. Үндсэндээ, УИХ-ын гишүүд тухайн хэлэлцэж байгаа асуудлаар л асуулт асууж, хариулт авах журамтай. Хаа хамаагүй зүйлийг хамж шимээд яриад байдаг гишүүд зөндөө байдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэр асуудлуудыг голдрилд нь оруулж зөв чигтэй удирдах гэсний төлөө ингэж үгүйсгэж болохгүй. Зарчмын шаардлага тавьсан хүнийг “огцор” гэж шаардаж байгаа нь МАН-ынхны увайгүй үйлдэл гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна. Мөн өргөн барьж байгаа хуулийн төслүүдийг хэлэлцүүлдэггүй гэсэн зүйл ярьж байна. Өргөн баригдсан дарааллын журмаар явж байгаа, даргын зөвлөлийн хуралд хэлэлцэх асуудлыг долоо, долоо хоногоор нь оруулдаг. Даргын зөвлөлийн хуралд бүх төлөөлөл нь суугаад ямар асуудлыг хэлэлцэх вэ гэдгийг бөөнөөрөө шийддэг. Түүнээс биш, УИХ-ын дарга ганцаараа шийдвэр гаргадаггүй. УИХ-ын даргад бас нэг онцгой бүрэн эрх байдаг. УИХ-ын дарга ээлжит бус УИХ-ын чуулган зарлан хуралдуулах эрхтэй. УИХ-ын дарга захирамж гаргасан бол УИХ-ын гишүүд бүгд танхимд хүрэлцэн ирэх үүрэгтэй. Эрхээ эдлээд үүргээ ухамсарлахгүй байж болохгүй. Энэ үүргээ биелүүлж ирээд УИХ-ын даргын захирамжийн дагуу гарсан асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлэх бүрэн боломжтой. Ийм үйл ажиллагааг зориудаар таслан зогсоочихоод одоо үүнийгээ УИХ-ын дарга руу чиглүүлээд байж болохгүй. Хэзээ ч, хэдийд ч ээлжит бус чуулганыг Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан зарлан хуралдуулж болно. Үүнийг ингэж мушгин гуйвуулж болохгүй. Твиттерээр гэдэг юмуу, Ерөнхий шүүгчийг утсаар удирдах, ҮХЦ-ийн гишүүдийг хууль бусаар хөөж явуулах гэх зэрэг баримтгүй асуудлыг шаардах хуудас дээрээ бичсэн байна. үндэслэл байгаа бол түүнээ тайлбарлах ёстой. Энэ бол УИХ-аар хэлэлцэж олонхийн шийдвэрээ дагадаг журмынхаа дагуу л шийдэгдсэн асуудал. СЕХ-г твиттерээр загнасан гэх мэт баримтгүй зүйл бичсэн байна. Ийм утгагүй, ямар ч баримтгүйгээр УИХ-ын даргыг огцруулах бичиг өргөн барьсан нь зүгээр л улстөр хийж байна гэдэг нь харагдаж байна. Дээр нь “Фашист, коммунист маягийн дэглэм тогтоож байна” гэх мэт их ноцтой үгнүүдийг хэрэглэсэн байгаа юм. Хэн нь фашист, хэн нь коммунист вэ гэдгийг ялгах хэрэгтэй. Коммунист нам гэвэл МАН-ыг өөрийг нь хэлнэ. Фашист гэж хэнийг хэлээд байгааг нь мэдэхгүй байна. Ардчилсан нам бол Ардчилсан нам. Ийм үг оруулж бичиж, ярьж байгаа нь өөрсдөө ямар хүмүүс, ямар шаардлага тавиад байгаа нь авцалдаагүй харагдаад байгаа юм. Ингэж өргөх бичиг барьсны зоргоор УИХ-ын дарга огцорно гэж байхгүй. Энэ бол цэвэр улстөрийн тоглолт. МАН-ынхан хаврын чуулганы эхний бүлгийн хурлаараа хоёр, гурван асуудал тавьсныхаа дагуу тоглолтоо эхлүүлж байгаа юм байна. Ардчилсан нам өөрийн намын дотоод асуудлаа өөрсдөө шийддэг болохоос ардын намын заавраар асуудал шийднэ гэж байхгүй гэдгийг албан ёсоор хэлье" гэв.


Б.Гарамгайбаатар: МАН-ын заавраар асуудлаа шийднэ гэж байхгүй  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй