![](/uploads/201604/news/thumb/89f950c4c2387b91fabd78bd08283711_x3.jpg)
Өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нар танилцуулга хийлээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 91 арга хэмжээнд Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 10, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 61, бусад бодлогын баримт бичгээс 20 арга хэмжээг авч төлөвлөн хэрэгжүүлжээ. Макро эдийн засгийн бодлогын хүрээний 4 зорилт, 10 арга хэмжээг 78.0 хувийн биелэлттэйгээр хэрэгжүүлсэн байна.
Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогын хүрээний дөрвөн зорилт, 13 арга хэмжээг 67.6 хувийн биелэлттэйгээр хэрэгжүүлсний 13 арга хэмжээнээс 100 хувийн биелэлттэй хоёр, 90 хувийн биелэлттэй дөрөв, 70 хувийн биелэлттэй хоёр, 50 хувиас доогуур биелэлттэй 5 арга хэмжээ хэрэгжсэн байна. Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогын хүрээнд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, өмчилсөн газраа санхүүгийн эргэлтэд оруулах ажлыг нийслэл болон орон нутагт амжилттай хэрэгжүүлсэний зэрэгцээ “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр”-ийн хүрээнд 16 сумдад инженерийн шугам, сүлжээ, зураг төсөл, барилга угсралтын ажил хийгджээ. Мөн Улаанбаатар хот, төвийн бүсийн 13 аймгийн 100.0 гаруй мянган гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлж агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэн, ойн экосистемийг хамгаалах шинэ технологи нэвтрүүлэх, ойжуулалтын үр дүнг сайжруулах арга хэмжээ авсан байна.
Үндсэн чиглэлийн биелэлтийн тухай асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, мах махан бүтээгдэхүүний үнийн өсөлт, ноос, ноолуурын үнийн асуудлаар өнгөрсөн онд бодлогын хэмжээнд яригдсан боловч хэрэгжилт муу байгаа шалтгаан болон газар тариалангийн бодлогын талаар асууж тодруулав.
УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өгсөн тайлбартаа, мах махан бүтээгдэхүүний үнэ тогтворжуулахаар нөөцийн мах бэлтгэх асуудал 2015 оны төсөвт суугаагүй байсан. Гэхдээ 14.5 мянган тонн нөөцийн махыг бэлтгэж үнийг тогтвортой барих үйл ажиллагааг 2015 онд хэрэгжүүлсэн. 2016 оны хавар нөөцийн мах бэлтгэх асуудал төсөвт тусгагдаагүй байгаа. Тиймээс бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, малчдад зориулсан үйлдвэрлэлийг дэмжсэн зээлийн хүүг гурав дахин бууруулсан. Дунджаар 29.5 хувийн хүүтэй зээлийг бууруулсанаар жилийн 10 хувийн хүүтэй зээл болж буурлаа. Хэрэглээний зээлийг 29.5 хувиас 18 хувийн хүүтэй болгож малчдыг дэмжсэн бодлого явуулж байна. Зээлийн үйл ажиллагаа хэрэгжээд явж байна. Махны үйлдвэрүүдэд олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрүүдийг шийдүүлсэн. Одоо арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгогдож байна.
Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай тогтоолын дагуу 2015 оны ноосны урамшуулалд зориулан 19.6 тэрбум төгрөгийг 2016 онд төсөвлөсөн. Энэ мөнгийг олгуулахаар Сангийн яаманд хүсэлт гаргасан. Энэ дөрвөн сард багтаан олгоно гэсэн хариу өгөөд байна. Өнгөрсөн жил гангийн улмаас нэлээдгүй ургац алдсан. Цаашид энэ байдлыг багасгахын тулд Тариалангийн тухай хуулинд тодорхой заалтууд оруулж өгсөн. Тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтээр 14 мянган тонн импортын үрийн зөвшөөрөл олгосон байгаагаас төлбөрийн чадвараас хамаарч 2000 тонн үрийн зөвшөөрлийг буцаасан. Тариалан эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд үрийн буудай нэмж импортоор оруулж ирж байгаа тохиолдолд үрийн нөөц зуун хувь бүрдэх боломжтой байгаа гэв.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ | ||
Үзсэн: 550 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.